Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн их хямралыг “үүсгэн хөгжүүлж”, өөрийгөө “шүдгүй арслан” хэмээн өрөвдүүлж, өхөөрдүүлсээр санасандаа хүрлээ. Одоо тэр “шүдгүй арслан” биш боллоо. “Давхар соёотой” болсон ч даанч хөгжүүлэхгүй нь тодорхой боллоо. Байр сууриа батжуулж, намын даргын ноёрхлоо төрийн дээр тогтоох улайрлаас өөр “хөгжил дэвшлийг” түүнээс хүлээх хэрэггүй бололтой.
Түүнээс Хөгжлийн банкны шалгалтыг шалгаад өг гээгүй. ЖДҮХС-аас танхимын чинь сайдын гарын үсэгтэй улстөржсөн зээл гаргаад байгааг нягталж хариуцлага тооц гэж олон нийт хүлээж буй. Нэг л идэвх муутай. “Төрсөн дүү нь хүртэл тэр сангаас хүртчихсэн болохоор тэр үү” гэсэн хов жив хүртэл гараад ойлгомжгүй үлдлээ. Энэ асуудал бүдгэрвэл У.Хүрэлсүхэд итгэх сүүлчийн цучил бөхөх юм.
Ерөнхий сайд Та “Хэн нь хэнийгээ гүтгэж, нотолж, яллаж чадах вэ” гэдэг уралдаанаа завсарлаж улс орноо хөгжүүлэх, ядуу өрхийн тоог цөөлөх, хувийн хэвшилтэйгээ хамтарч хөрш орнуудад өрнөөд буй тоглолтоос хожих бодлогын алхмуудыг хийх цаг боллоо. Чадахгүй бол явах цаг тань боллоо.
Дотооддоо аж ахуйн нэгжүүдтэй “тэмцэх” бус АНУ, Хятадын худалдааны маргаанаас, эвлэрлийн хэлцлээс юу хожих талаар Та Монгол Улсын нэрийн өмнөөс бодох, ярих, ялах үүрэгтэй. Үүнийгээ хийх шаардлагатай байна. Таны хөргийг Төрийн ордны хананд өлгөхөд маш бага хугацаа үлдлээ. Та тэгж үлдсэн Ерөнхий сайд баймааргүй байна гэсэн шүү дээ.
Замд тань таарсан “бул хар чулуу” мэт үзээд байсан УИХ-ын даргыг хүртэл ирэх сонгуульд нэр дэвших эрхээ барьцаалуулсан эрхэм гишүүд огцруулж өглөө. УИХ-ын даргын дээр МАН-ын дарга гарахыг үзлээ. Хийгээгүй хэрэг, оноогоогүй ялын төлөө шинэ хууль зохиох замаар зайлуулж өгсөн. Гэтэл байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч “ургийн мод” улам дэлбээлж таны гэр бүлийнхэн, анд нөхөд Монгол төрийн хүсэмжит суудлуудад баттай байр сууриа эзэлсэн. Хүсээ гэж үү, үүнийг Монголчууд. Үүний төлөө жагсч, өлсч, талбай дээр гэр барьж эсэргүүцлээ илэрхийлсэн үү. Эндээс хэн хожив. Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ…цаашаа нэрлэж мэдэхгүй юм. Уг нь арай олуулаа хожино гэж уриалсан байх аа.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд “мөрийн хөтөлбөртэй” оролцсон билээ. Та санаж байгаа болов уу. Хааяа уншиж байгаарай. УИХ-ын 2020 оны сонгуульд бас “мөрийн хөтөлбөртэй” орох байх. Та намын даргын хувиар хааяа энэ талаар бодож байгаарай. Сонгуулийн үр дүнд мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлсэн явдал асар их хамаатай. Энэ нь танай танхимын гишүүдийн хүчлүүлэн бичиж өгөх тайлангаас үл хамааран иргэд, сонгогчдын нүднээ ил харагдах ажлын дүгнэлт юм. Хэрэв цэвэр өрсөлдөх бол шүү дээ. Мөн ирэх сонгуульд Монголын төрийг хямрааж, хамгийн олон хар толбо энд тэндгүй цацсан МАН ямар гээчийн үнэмшиж болох үлгэр зохиосноороо мөрийн хөтөлбөр бичиж орох байх.
Та өөрөө Хэнтийд ч ялалт байгуулалгүй Монголын төрийн хойморт бараг л хаалга өшиглөх шахам хагалан бутаргаж орж ирсэн. УИХ-ын сонгуульд өөрөө ялах, намаа ялуулах ямар байдгийг үзэх хувь байгаа бол үзэж л таарна. Мөн ч том ачаа шүү дээ. Зүрхшээвэл орхиод зугтаж болно. Намаа бодвол тэр нь ч дээр байж магад. Хаяад зугтахаар нь зүтгээд ялуулдаг ял үүрсэн мэт намдаа үнэнч хэдэн нөхөр бий.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаас хамгийн түрүүнд Төв цэвэрлэх байгууламж, Газрын тосны үйлдвэр хүлээж байлаа. Харамсалтай нь “60 тэрбумын хэрэг”, “ЖДҮХС-ийн хэрэг” болоод хувирчихсан болохоос. Даанч үр дүн алга аа. Үлдсэн хугацаанд дуусгана гэх итгэл ч буурсаар байна.
Ерөнхий сайд, намын дарга гэдэг бол мөн ч том эрх мэдэл шүү дээ. Дээр нь УИХ-ыг “эрийн сайндаа” олж аваад эрх мэдэлдээ нэгтгэчихсэн танаас энэ дайтай ажил, асуудал, бодлого хүлээж болно биз дээ.
Ойрын өдрүүдэд нэг зүйлийг та анзаарсан байх. Хаанаас хийсч ирснийг бүү мэд, ШХАБ-д элсэх тухай яриа. ҮАБЗ-ийн гишүүний хувьд таны байр суурь тэнд чухал. Хамгийн гол нь “Хэрэв ШХАБ-д элсвэл эрх баригч нам хариуцлага хүлээнэ” гэдгийг эрдэмтэн судлаачид, ажиглагчид, олон нийт хатуу анхааруулж байгаа. Дээр нь нэг эргэлзээтэй нь УИХ-ын даргын ажлаа өгөхдөө М.Энхболд “ҮАБЗ дээр ганцаарддаг, жишээ нь ШХАБ-ын тухайд…” гэчихсэн. Эцсийн шийд гаргах онцгой бүрэн эрх УИХ-д бий. УИХ дотор таны нөлөө томыг мэдэрсэний хувьд хариуцлагаа мэдэрч нөлөөлөөрэй гэж захихад илүүдэхгүй болов уу.
Танай Засгийн газар “гайхамшиг”-т дуртай, нэр хүндэд хайртай байна. Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрд авах шийдвэр гаргаж чадсан шигээ, Стандарт банкинд, түүний тодорхой хувийг авчихаад байгаа Хятадын ICBC банкинд өр барагдуулж чадна гэж итгэж болох уу. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүсийг ялласан байна гэх ХЗДХ-ийн сайд тань үнэн хэлж, зөв ажиллаж байна уу. Энэ мэтчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын, танаар даргалуулсан МАН-ын ял, гавьяаг үүрч эрх ямбыг эдэлж буйн хувьд одоо даруулгатай байж яаравчлан ажиллаж, үр дүн харуулах шаардлагатай байна. Энэ бол шударга шаардлага. Таны Засгийн газар, танаар удирдуулсан МАН-ын үед “Шударга ёс” гэдэг үг “сандалны” үнэтэй болтлоо унах ёсгүй. Үүний цаана олон нийтийн итгэл, хүлээлт бий. Анх томилогдсоны тань дараа хэлж байснаа дахин хэлье, “Борвин дахь бааснаасаа хурдан сал”!
Эх сурвалж: news.mn