Монгол хэлний тухай хуулийг хэрэгжилтийг хангах үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллах юм байна. Үүнд:

– Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол хэл утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримталж буй эсэхэд хяналт тавих,

– Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам мөрдөгдөж буй эсэхэд хяналт тавих,

– Гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилтад хяналт тавьж ажиллах,

– Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь Монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох, холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх зэрэг болно.

Санамж бичиг байгуулсанаар Монгол хэлний тухай хуульд тусгайлан үүрэг хүлээсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хяналт шалгалт, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах чухал ач холбогдолтой аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн