Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 2.5 их наяд төгрөгт хүрээд буй. Нийтдээ IPO хийсэн компаниуд 30 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2015 онд анх IPO хийгдсэнээс хойших татан төвлөрүүлсэн хөрөнгийн тал хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг өнгөрсөн жил босгосон гэсэн үг. 2016 онд 1.3 их наяд 2017 оны эцэст 2.4 их наяд 2018 онд 2.5 их наядаар хэмжигдэж, ДНБ-ий 8.9 хувийг эзлээд байна.
Сүүлийн хоёр жилд Санхүүгийн зохицуулах хорооноос “Ай түүлс”, “Анд энерги”, “ЛэндМН ББСБ”, “Монгол базальт”, “Ард даатгал”, “Мандал даатгал” зэрэг долоон компанийн үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд амжилттай арилжаалав. 2006-2016 онуудад компаниуд хамгийн ихдээ 10-15 хувиа олон нийтэд санал болгож байсан бол сүүлд гарсан компаниуд багадаа 25 хувиа олон нийтэд санал болгосноор хувьцааны хөрвөх чадварын төвшин эрс сайжирсныг харуулна. Ийнхүү 1990 оноос хойш олигтой хөгжиж чадаагүй, хөрөнгийн зах зээлийн цусны эргэлт түргэсэж эхлэв. 2019 оны хөрөнгийн зах зээлийн анхны буухиаг эхлүүлсэн “Түмэн Шувуут” компани нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож, арван тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ёстой байсан бол төлөвлөгөө нь давж биелэн 10.9 тэрбум төгрөгийг олон нийтээс босгож чадлаа.
Тэд олон нийтээс босгосон эл хөрөнгөөр хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлнэ гэдгээ амласан. Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээс гадна махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөөд байгаа юм. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ таван тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд арав гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцож, үүнээс жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараана гэдгийг компанийн зүгээс мэдэгдээд буй. Тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашиг орлого нь жилээс жилд нэмэгдэж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компанид олон ч хүн итгэж, хувьцааг нь худалдаж авав. Одоо тэдэнд хувьцаа эзэмшигчдэдээ амласан олон ажлаа хэрэгжүүлэх том даалгавар үлдлээ.
Тэгвэл тун удахгүй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн охин компани болон “Ард кредит ББСБ” хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаар зэхэж байгаа бөгөөд захиалга нь энэ сарын 18-нд эхлэх юм. Тус компанийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 280 сая ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, үүний 25 хувь буюу 70 сая ширхгийг нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрөөд байгаа юм. Ингэснээр зах зээлээс тав орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэж тооцжээ. Тус компани “ЛэндМН ББСБ”-тай адил хиймэл оюун ухаанд суурилсан зээл олгох үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Цаашид хэд хэдэн компани IPO гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавиад байгаа тухай албаны эх сурвалж хэллээ. Энэ мэтчилэн хөрөнгийн зах зээл рүү хошуурах компаниуд олширч, иргэд ч үнэт цаас ихээр худалдан авах боллоо. Аливаа улсын санхүүгийн болон хөрөнгийн зах зээл ижил тэнцүү хөгжиж байж эдийн засаг нь бат бөх бэхэждэг хуультай. Энэ бичигдээгүй хуулиар манай жижиг хөрөнгийн зах зээлд хөгжлийн салхи сэвэлзэж эхэлж байгаа нь олзуурхууштай. Гэвч нөгөө талд нь эрсдэл гэж нэг зүйл бий. Хөрөнгийн зах зээлд та мөнгөө хийсэн л бол араас нь үргэлж санаа зовох ёстой. Банканд хадгалуулаад мартчихдаг шиг асуудал огт биш. Хөрөнгийн зах зээл дээр сайн тоглож чадвал их мөнгөтэй болно. Чадахгүй бол арчуулна л гэсэн үг. Ер нь хөрөнгийн зах зээлийн зарчимд хөрөнгө оруулагч шийдвэртээ “Эзэн” байх ёстойг хатуу сануулдаг.
Зарим тохиолдолд эдийн засаг болон компанийн нөхцөл байдлаас хамаараад хувьцаа өсөж, буурч, унах тохиолдол бий. Энэ үед та гаргасан шийдвэртээ үнэнч байх гэсэн зарчмаа баримтлах ёстой байдаг. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт үйлчлэх ёстой. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгээс тодруулахад “Компанийн тухай хуулийн дагуу хэрвээ нээлттэй компанид янз бүрийн асуудал үүсвэл сарын өмнө мэдэгддэг.
Эхлээд жижиг хувьцаа эзэмшигчдээ алдагдалгүй болгох зэрэг дэс дарааллуудыг хуульд суулгасан. Нээлттэй хувьцаат компани жил болгон Санхүүгийн зохицуулах хороонд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ өгөөд дараа жилийн ажлын төлөвлөгөө, жилийн эцсийн бүх материалуудаа ирүүлэх ёстой. Үүнд нь тухайн компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хийсэн ажил, ирээдүйд хийх төлөвлөгөө нь бичигдсэн байдаг. Түүнчлэн давхар Хөрөнгийн биржийн сайтад нээлттэй мэдээллээ тавих ёстой. Хагас жил тутамд нээлттэй мэдээлж байх үүрэгтэй. Үүнийг хуульд, журмаар зохицуулсан байгаа. Том өөрчлөлт гарвал хувьцаа эзэмшигчдэд урьдчилж мэдэгдэх ёстой зэрэг журам бий.
Ерөнхийдөө жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт хангалттай бий” гэв. Үүнийг дагаад дотоодын IPO гаргаж байгаа компаниуд ирээдүйн хариуцлагад бэлэн үү гэсэн асуулт гарч ирнэ. Хариуцлага алдаж байсан жишээнүүд хөрөнгийн зах зээл дээр 2006-2015 оны хооронд гарч байсан удаатай. Тэр нь хэрхэн илэрдэг вэ гэхээр тухайн үед ихэнх компаниуд 5-10 хувиа л олон нийтэд санал болгосон байдаг. Эхлээд өндөр үнэтэй хувьцаа гаргачихаад хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ буугаад ирэхийн цагт буцаагаад хувьцаануудаа худалдаад авчихдаг байв. Энэ нь анх гаргасан төлөвлөгөө, зорилгоосоо няцаж байсныг харуулж байгаа юм.
Ингэснээр тухайн хувьцаат компанийн хувьд олсон цэвэр ашгийг зөвхөн цөөн хэдэн хүн хуваан авч, Хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авсан жижиг хувьцаа эзэмшигчид хоосон хоцордог явдал. Үүнийг бусад улсад хулгай, залилангийн үйлдэл бүхий эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг бол Монгол Улсад энгийн л нэг практик болжээ. Үүний нэг тод жишээ бол Улсын их дэлгүүр юм. Байршил болон орж гарч байгаа худалдан авагчдын тоогоор Улсын их дэлгүүр нь Монголдоо дээгүүрт орох ашигтай үл хөдлөх хөрөнгө. Түрээслэгдээгүй хоосон талбай гэж үгүй. Түрээс нь ч нэлээн үнэтэй. Ингээд бодохоор хувьцаа эзэмшигчид жил бүр овоо ногдол ашиг авчихмаар.
Гэтэл харамсалтай нь Улсын их дэлгүүрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь түрээсийн орлогыг өөрсдөө авдаг. Харин 45 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчид хоосон хоцордог жишээг Монголын санхүүгийн удирдлагын биржийн гүйцэтгэх захирал асан Д.Ангар нийтэлжээ. Тэгвэл одоогийн IPO гаргаж байгаа компаниудад дээрх шиг үйлдэл гарахгүй гэх баталгаа бий юу гэсэн асуултад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Бид үйлдвэрлэгч компаниудыг дэмжих бодлого баримталж байгаа. Гэхдээ дэмжихдээ хүссэн болгоныг нь биелүүлнэ гэсэн үг биш.
Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж буй компанийн үйл ажиллагаа нь ил тод байгаа эсэх, санхүүжилт татаж буй төсөл нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн шинжийг агуулаагүй, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт тодорхой, хөндлөнгийн байгууллагын гаргасан дүгнэлт нь хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр үнэт цаасыг бүртгэж, арилжаалах зөвшөөрөл олгодог. Компаниудын үнэт цаасны танилцуулгад тусгагдсан мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй, олон нийтэд санал болгон гаргаж буй хувь хэмжээ хэтэрхий бага, хувьцаа эзэмшигчид тохиромжтой этгээдийн шаардлага хангаагүй, хөндлөнгийн байгууллагаас гаргасан дүгнэлт нь хууль тогтоомж, аудит, хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй гэх мэт зөрчлүүд нийтлэг байдаг.
Тэр болгонд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлүүдийг арилгуулах, хөндлөнгийн байгууллагуудын гаргасан тайланг холбогдох стандартад нийцүүлэн шинэчлэх асуудлыг үнэт цаас гаргагч компани болон үйлчилгээ үзүүлж байгаа андеррайтерийн компанид албан бичгээр мэдэгдэж, засаж, сайжруулах арга хэмжээг авч ажилладаг” хэмээн хариулав. Ямартай ч дотоодын IPO гаргаж байгаа компаниудын ирээдүйн хариуцлага хууль, журмынхаа дагуу зохицуулагдаж байгаа ч учир дутагдалтай гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Хэрвээ тэд шаардлагаа зөрчвөл Компанийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Харин хийж хэрэгжүүлэхээр амласан ажлыг нь хянах, шаардлага тавих эрх жижиг хувьцаа эзэмшигчдэд бий.
Эх сурвалж: