Хиам, зайдасны экспорт өссөн нь хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 300% нэмэгдэхэд нөлөөлжээ
Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 159 улстай худалдаа хийснээс 77 улсад бараагаа экспортолж, 157 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон тухай Гаалийн Ерөнхий Газрын Монгол Улсын гадаад худалдааны 2018 оны урьдчилсан гүйцэтгэлд дурджээ.
Экспорт 7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 811.1 сая ам.доллараар буюу 13.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.137 тэрбум, нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспорт 74.3 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ.
Экспортод гарсан өөрчлөлтийг задалж харвал
- Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн – 51.5%
- Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх – 38.1%
- Хүнсний бэлэн бүтээгдэхүүн – 297.7%
- Эрдэс бүтээгдэхүүн – 23%
- Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл – 22.2%
- Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг – 9.2%
- Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги – 45.3%
- Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги – 219.3%
- Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс – 29.5% тус тус өсжээ.
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн ийнхүү өссөн нь хиам, зайдасны экпорт нэмэгдсэнтэй хамаатай байна. Тухайлбал, 2017 онд 25,310 кг хиам, зайдас экспортолсон бол 2018 онд 158,690 кг болж нэмэгдсэн байна.
Мөн
- 2018 онд 32.2 мянган тонн адууны мах
- 6.1 мянган тонн хонь, ямааны мах
- 1,631.2 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.
Адууны мах л гэхэд 2017 онд 26.12 сая кг-ыг гаргаж байсан бол 2018 онд 32.2 сая кг мах экспортолжээ.
Нийт экспортын 86.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзлэв
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд 2017 онд 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 68.4 ам.доллар байсан бол энэ онд 77.9 ам.доллар болж өсжээ.
2018 онд 2.78 тэрбум ам.долларын 35.8 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь үнийн дүнгээр 529.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 2.76 сая тонноор тус тус их байна. Үүнээс 98.9 % нь БНХАУ руу гаргасан байна.
Зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр буурсан ч орлогын хувьд өсжээ. 2017 онд зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 1,114.6 ам.доллар байсан бол өнгөрсөн жил 1,400.5 болж, 285.9 ам.доллараар нэмэгдсэн байна.
Ингэснээр 2018 онд 1.44 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 тонноор бага байгаа ч үнийн дүнгээр 399.1 сая ам.доллараар өссөн дүнтэй байгаа юм.
Боловсруулаагүй нефтийн хувьд мөн нэг баррелийн үнэ нь 2017 оныхоос 13.5 ам.доллараар нэмэгдэж, 63.3 ам.долларт хүрснээр үнийн дүн нь өмнөх оноосоо 17.9 сая ам.доллараар өссөн байна. 2018 онд нийт 6.2 орчим сая баррель боловруулаагүй нефть гаргасан нь өнгөрсөн оныхоосоо 1.3 сая баррелиар бага дүн.
Төмрийн хүдрийн экспорт 7.5 сая тонн буюу 342.2 сая ам.долларт хүрч өссөн бол цайрын баяжмал 123.9 мянган тонныг гаргажээ. Нэг тонн цайрын баяжмалыг дунджаар 1,596.3 ам.доллараар экспортолсон нь өнгөрсөн оныхоос 66.9 ам.доллараар өссөн үнэ юм.
Жоншны хувьд 189.8 сая ам.долларын 555.2 мянган тонн жоншийг тонн тутмыг нь 341.9 ам.доллараар борлуулжээ. Жоншийг БНХАУ, ОХУ, Украин, Узбекстан, Беларусь руу экспортолсны 34.2% нь ОХУ, 65.7% нь БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 49.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 сая ам.доллараар мөн өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 5,744.6 ам.доллараас 8,332.6 ам.долларт хүрч, 2,588.0 ам.доллараар өсчээ.
Бусад экспортын хувьд дурдвал 2018 онд 34.32 тонн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 тонноор багассан байна. Алтны экспортын дундаж үнэ 2017 онд 40,905.1 ам.доллар байсан бол энэ онд 42,104.9 ам.доллар болж 1,199.8 ам.доллараар өсжээ.
Нийт экспортын 86.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 2.1 хувийг алтны экспорт, 5.8 хувийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт бүрдүүлжээ.
Монгол Улс дэлхийн 77 оронд бараа экспортолсноос
- БНХАУ-д 92.8%
- Их Британид 2.5%
- ОХУ-д 1.2% тус тус ногдож, нийт экспортын 96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна. ikon.mn