Шри Ланкын өдөр тутмын сонинд цаазын ял гүйцэтгэгч, хоёр зандалчин ажилд авах зарыг нийтэлжээ. Даваа гарагт нийтэд түгсэн энэ ажлын байрны сарын цалин 36.310 рупи ($200) байна гэжээ. Энэ нь тус улсын төрийн албан хаагчдын дундаж цалингаас өндөр гэсэн үг аж. Мөн ажилд орохыг хүсэгч нь Шри Ланкийн уугуул иргэн байна, 18-45 насны эрэгтэй, ёс зүйтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх шалгуурт нийцэх ёстой аж.
Тус улсад хар тамхины хэрэг өсөн нэмэгдэж байгаа учраас хэрэглээгүй удсан цаазын ялыг дахин сэргээх шаардлага гарлаа гэсэн тайлбар энэ зарыг дагалдсан байна. Шри Ланк улс хамгийн сүүлд 43 жилийн өмнө цаазын ялыг гүйцэтгэж байжээ.
Ерөнхийлөгч Майтрипала Сирисена өнгөрсөн долоо хоногт хар тамхи хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд цаазын ял оноодог болно гэж зарласан байна. Майтрипала Сирисена нэгдүгээр сард Филиппинд айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн эхлүүлсэн хар тамхины эсрэг дайныг магтан сайшааж байжээ.
1976 оноос хойш Шри Ланка улс нэг ч хүнийг цаазаар аваагүй бөгөөд ийм ял ногдох ёстой гэмт хэрэгтнийг бүх насаар хорих ялаар шийтгэж байжээ. Тиймээс Шриланкын сүүлийн зандалчин хийх ажилгүй болсны улмаас 2014 онд ажлаа орхиж байжээ.
Зандалчны ажлын байрыг сонирхож байгаа горилогчидтой ирэх сард ярилцлага хийх юм байна. Одоогийн байдлаар Шри Ланкад доод тал нь 25 хүн хар тамхины хэргээр баригдаад байгаагийн дотор хоёр гол этгээд нь цаазын ял сонсох магадлалтай байгаа гэнэ.
Мөн хүний амь бүрэлгэсэн зэрэг бусад төрлийн хүнд ялтай 436 гэмт хэрэгтэн хоригдож байгаагийн зургаа нь эмэгтэй аж. Энэтхэгийн далайн Шри Ланка улсыг Ази тивийн хар тамхины наймааны чухал зангилаа болохоос болгоомжилсон ерөнхийлөгч Сирисена өнгөрсөн сард Филиппинд айлчилсан гол зорилго нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлага судлах байжээ.
Эх сурвалж: Reuters