Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг. Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ.
Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажиллалаа. Тиймээс уг өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт хийлээ. Тус сургалт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд Нийслэлийн түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн дөрвөн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, өрхийн менежер, хүүхдийн ерөнхий зохицуулагч, хүүхэд, өсвөр үе, нярайн эмч, хүлээн авах, яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн эмч, халдвар судлаач, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч нараас бүрдсэн нийт 1020 хүн оролцлоо.
Энэ хүрээнд менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, нян судлалын шинжилгээнд сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх, тархвар зүйн тандалт, голомтонд авах хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм тариа, хэрэглэлийн нөөцийн бэлэн байдалд хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл өгч, дүүрэгчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.