Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Түүнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан гэх үндэслэлээр саатуулсан байдаг.
Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн үед Г.Бум-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр (2019.02.11) 09:30 цагт Г.Бум-Эрдэнэд холбогдох “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульдаа элсүүлэн авч бусдаас хахууль авсан” гэх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхлээд байна.