Аливаа үндэстний оюун санааны өв, сэтгэлгээний түүхийн салшгүй хэсэг нь ёс зүйн сэтгэлгээний түүх юм. Аман болон бичгийн уламжлалт сургаалууд нь ёс зүйн сэтгэлгээний түүхийн гол сурвалж болно.
Академич Ц.Дамдинсүрэн “Зүйр цэцэн үгээс эхлээд ерөөл, магтаал, үлгэр домог, баатарлаг тууль хүртэл ардын аман зохиолын олон зүйл бол цөм залуучуудад шударга ёс, баатар зориг, эх оронч үзэл, зан суртахуун зэрэгт хүмүүжүүлэх чухал хэрэглэгдэхүүн болж байжээ” хэмээсэн буй. Ардын зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, домог, үлгэр, сургамж хэллэг, сургаалын зохиолд сайн үйл, шударга ёс, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал, үүрэг хариуцлага, ажилч хичээнгүй, даруу төлөв, хянуур нямбай байхын утга учир, хорвоо ертөнцөд хэрхэн зөв амьдрах арга замын талаар зөвлөн сануулдаг.
Тухайлбал, хүмүүний эрхэмлэх зургаан зүйлийг “үнэн бат журмыг үргэлж хичээх, өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах, үйлийн дээд ачийг буцааж хариулах, өсөх гээхийн хорвоог учирлан таниулах, үргэлж мэргэн номыг тогтоон тунгаах, үгээгүй ядуу ардыг өргөн тэнхрүүлж явах” хэмээн сургажээ.
Монгол сургаалын зохиолуудад хүний сайн, муу үйл, буян, нүглийг харьцуулан жиших, зүйрлэх, тайлбарлах аргаар илэрхийлдэг. Түүнчлэн ёс суртахууны эгэл хэм хэмжээ, зарчмыг гурав, тав, зургаа, долоогоор тоочин тодорхойлжээ. Тухайлбал, эр хүний арван эрдэм, эх хүний есөн эрдэм, дөрвөн битгий, таван сайн, зургаан гэмшил, долоон шившиг, найман хөнгөн, есөн баримтлах зүйл гэж байна.
Эр хүний арван эрдэм нь “Уужим ухаан, хатан зориг, бат журам, өрх гэрийн түшиг, үр хүүхдийн сүр сүлд, алсын хараа, холч ухаан, өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэм ёслол”, эх хүний есөн эрдэм нь өнгөнд цэвэр, үйлэнд уран, үрд энэрэлтэй, үргэлж цэмцгэр, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй, найранд дуутай, настанд ерөөлтэй, нартад буянтай зэрэг юм.
Мөн аливаа хүний амьдралдаа мөрдөх таван гол ёс нь “эцэг асралтай, хөвгүүн тахимдуу, эр найртай, эм эвтэй, ах элэгсэг, дүү бишрэлт” болно. Монголын ёс зүйн сургаалд буддын ёс зүйн сургаал үлэмж нөлөөлжээ. Буддизмын “би, минийх” гэсэн үзлээс ангижирснаар гэгээрнэ гэсэн үзэл баримтлал нь бусдын тусын тулд, тодруулбал эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусад өөрийгөө зориулах сэтгэл болохыг монголын олон сэтгэгч сургаалын зохиолдоо чиг баримжаа болгож агуулгыг нь баяжуулж тайлсан байдаг. 14-19 дүгээр зуунд төвд хэлнээс монгол хэлнээ хэд хэдэн удаа орчуулагдан олны дунд өргөн тархсан «Эрдэнийн сан субашид»- д:
Өөрөө зовох доройтохыг үл дурлах мэт
Өөр амьтныг ч зовоох доройтуулахыг бүү үйлд (8:347)
Алимад өөрөө жаргах сайжрахад дурлах мэт
Амьтныг ч жаргах сайжрахад барилдуулбал
Амьтан бүхний сэтгэл наашилж дуртай болъюу
Ачлах туслахын ёсоор тахих болъюу (8:348)… хэмээн өөртөө сайн сайхныг хүсдэгтэй адил бусдад хандахыг сургажээ. Энэ мэт дорно дахины ёс зүйн сэтгэлгээний өв сан, эш номлолоос манай сэтгэгчид санаа сэдэл аван сургаалын зохиолдоо тусгаж байжээ. Арван есдүгээр зууны “үг” зохиолын төрөл нь тухайн нийгмийн ёс суртахууны байдлыг шүүмжлэн сургамжилжээ. Хуульч Сандаг “Тэжээсэн нохойн хэлсэн нь” хэмээх шүлэгтээ эзнийхээ эд хөрөнгийг манасан хоточ нохой өвдтөл зодуулж, нүнжиггүй хоол идэж гомдсон тухай өгүүлдэг нь хүн ба нохойны хоорондын зөрчлийг илэрхийлсэн гэж судлаачид үздэг.
Чимидийн Дэмчигдоржийн (1863-1932) “Эрдэнэт толь”, Чулууны Бат-Очирын (1874-1937) “Мандах нарны туяа” зэрэг сургаалын зохиол нь 20 дугаар зууны сэтгэлгээний түүхэнд томоохон байр суурь эзэлнэ. Эдгээр зохиол нь уламжлалт шашин, соёл, ёс зүйн сургаалд үндэслэн 20 дугаар зууны эхэн үеийн Монголд шинээр бий болсон нийгэм, соёлын институцийн үүрэг, ёс горим, шинэ нийгэмд ард иргэд хэрхэн бие зөв авч явах талаар сургахад чиглэжээ.