Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өчигдрөөс говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орлоо. Маргаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр, маргааш буюу хоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд нутгийн Төв болон Зүүн хэсгээр цас орох төлөвтэй байна. Салхи Говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх аж.
Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус хүрч хүйтэрнэ.
Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градуст хүрнэ.
Харин Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх ба бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүрч хүйтрэх төлөвтэй буй талаар мэдээлэв.