XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов. Энэ үеэр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлж, ерөөл магтаал айлдлаа.
Цагаан сарын шинийн нэгний өглөө төр, засгийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мал аж ахуй, уул уурхай, зам, тээвэр, боловсрол, төрийн захиргааны салбарт олон жил ажилласан 80-98 настай буурлууд, Т.Сэмжидхорол, Ц.Адъяа, З.Дашзэвэг, Н.Төмөртогоо, Л.Дулам, П.Донжоо, Д.Галсан, С.Чанцал, Д.Цэгмэд нарын амрыг эрэн золгож, гарын бэлэг гардууллаа.
Төрийн золголтод оролцсон ахмадууд:
- Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
- Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
- Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
- Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогтоо
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
- Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
- Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
- Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид.