Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай уулзаж ярилцлаа.
-Цагаан сар удахгүй болох нь. Монголчууд Цагаан сараар аливаа мууг үйлдэх бүү хэл амны билгээ бодож хүнтэй муудалцахыг ч тэвчдэг. Таны сургалтын гол цөм ч Буддын шашинтны ёс суртахууны тухай байдаг болохоор ярих хэлэх зүйл ч их байгаа байх?
-Хэлэх ярих зүйл их алга аа. (инээв. сур)
-Таны сургалтыг цахимаар харж үзэж байхад нүгэл, буяны тухай ойлголтыг энгийн ойлгомжтойгоор амьдралд ойрхон тайлбарлаж байгаа нь хүмүүст их таалагддаг юм билээ?
-Хүмүүс намайг “Ном уншуулаад хэрэггүй” гэсэн, “Зурхай хэрэггүй” гэлээ гэдэг. Би яалаа гэж тэгж хэлэх билээ, тэр ярилцлагыг уул нь бүтэн уншвал. Ганданд ном уншуулах хэрэггүй гэж би яалаа гэж ярихав дээ. Би өөрөө Ганданд номоо уншуулдаг юм чинь. Гэхдээ зан үйлээсээ илүү ёс суртахуун нь чухал байна. Сургаал номлолоо өөрсдөө унших, өөрсдөө итгэх, мөрдөх нь л чухал байна гэж боддог юм.
-Буддын ёс суртахуун гэж юуг хэлээд байна?
-Этик буюу ёс зүй гэдэг ойлголт дотор ингэх ёстой, тэгэх буруу гэсэн зааврууд байж болно. Тэр зааврууд юун дээр үндэслэсэн бэ гэсэн асуулт, хариулт байж болно. Бүр цаашлаад ер нь зөв, буруу гэж юу юм гэж ухах ёстой байх. Тэгэхээр би энэ асуултад “Буддын этик философи гэж энэ ээ” гээд товч хариулчих боломжгүй юм. Ер нь дийлэнх шашнууд нийтлэг ёс зүйн заалт дээр айхтар зөрөлдөөд байх нь юу бол.
Гол нь өнөөдөр бидэнд юу шаардлагатай байна гэвэл хараажийн буруу зүйлүүдийг хийдэггүй болж дадах хэвших юм. Жишээлбэл, хулгай хийхгүй байх, хэзээ ч хийх ёсгүй гэсэн итгэл суулгах чухал. Түүнээс хүмүүсийн асуугаад байдаг шиг машин унаад явж байсан чинь нэг талд нь хүүхэдтэй хүн байлаа, нөгөө талд нь хоёр хөгшин байлаа. Зогсох боломжгүй бол аль тал руу нь дарах вэ гэсэн маягийн асуултууд биднийг зовоогоод байгаа биш.
Хэн хараажийн тодорхой төсвийн хулгай, авлига, хээл хахууль, бие биеэ дарлах, доромжлох зэргийг хэрхэн хийхгүй байх вэ, хийхгүй байж болдог юм уу, хэрхэн тийм болох вэ, дадуулах вэ гэдэг надад сонин байна. Бид авлигачид гэж үзэн яддаг, харин би өөрөө тэр их мөнгөнөөс татгалзаж чадах уу, тэр хонжоо харж байна, би бас хонжоо хардаггүй бил үү гэж өөрөөсөө асуугаад үзмээр.
-Сайн сайхан аж төрж яваа нэгэндээ жөтөөрхдөг атаа хорсол гэж аюултай зүйл байх юм даа. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романд л гэхэд эрдэм номд шамдсан Санж гэцэлд атаархсаар эцэст нүдийг нь сохлон хээр хаяж байдаг даа?
-“Оройгүй сүм”-ээс хүмүүс их эшлэх юм. Хичнээн уран зохиол ч гэсэн, тэр чигтээ худлаа. Социализмын үед буддизмыг яаж муутгах вэ гэж л хийгдсэн зохиол. Шашин судлал гэдэг бол шинжлэх ухааны салбар. Шашин судлал Исламын шашныг судалж болно. Христ болон Буддизмыг судалж болно. Гэхдээ таах биш, зохиох биш, сэжиглэх биш, шүтэх ч биш.
Яг юу гэж үздэг юм бэ, яг энэ практик байдаг юм уу, байдаггүй юм уу, хүчирхийллийг дэмжсэн байна уу, дэмжээгүй байна уу энэ бүхнийг байгаагаар нь шинжлэх ухааны арга зүйгээр ашиглан тодорхойлох гэж оролдож байгаа юм л даа. Буддын шашин чинь өнөөдөр сайн судлагдчихаад байна. Буддын шашинд хүчирхийлэл байдаг эсэх тухай академик бүтээл олныг уншсан.
Гавлаар нь аяга хийх гээд хүн алах гэж зүтгээд байдаг утгагүй юм яаж байх вэ дээ. Би өөрөө түвдүүдийн дунд арван жил сурсан. Түвдүүдийг би сайн хүн ч гэхгүй, муу хүн ч гэхгүй. Бидэнтэй л ижилхэн хүмүүс. Тэд монголчуудыг ном эрдэм сурангуут нь алаад хядаад байдаг гэвэл 1900-гаад оны эхээр Лхасын хамаг томчуул нь монголчууд болчихсон байсныг би сайн мэдэж байгаа юм л даа. Гурван том сургуулийн хамба нь бүгд монголчууд. Нууц тарнийн сургуулийн хамба нь монгол. Багш нар нь олноороо монголчууд байсан.
-Та яасан сайн мэдэж байх юм бэ?
-Арвангуравдугаар Далай багш Монголд шилээвэр лхаарамбуудаа дагуулан Их Хүрээнд авчран монгол лам нартай ном хаялцахад манайхан ялчихсан юм гэнэ лээ. Далай лам Хятад руу соронзон дуу хураагуур захиж авчруулан монгол лам нарын ном хаялцаж байгаа мэтгэлцээнийг хурааж аваад тэрийгээ Лхастаа очин лхаарамбууддаа сонсгон олон эрдэмтнээ загнасан гэдэг.
Би энэ тухай Монголд байхдаа сонсож байсан юм. Үүнээс цаашихыг нь би Энэтхэгт сурахаар очоод сонссон. Далай лам нутагтаа очоод “Хойшоо Монголд очиж ном хаялцах хамгийн эрдэмтэй хүмүүсээ сонгоё” гээд Буддын гүн ухааны долоон том сургууль дотроо мэтгэлцээн зохион байгуулаад шалгаруулахад жагссан эхний арван хүн нь монгол хүн байсан гэж настай түвд багш маань ярьж байсан.
“Оройгүй сүм” дээр гардаг шиг эрдэмтэй лам нарыг алаад байдаг байсан бол тийм эрдэмтэй монгол хүмүүс гарч ирэхгүй биз дээ. Тэр ч битгий хэл Лхасын гурван том сургуулийн мэтгэлцээний талбай дээр “Монгол хэлгүй бол ном хаялцахад хэцүү боллоо” гэж ярилцдаг байж. Яагаад гэвэл ном мэтгэлцэж байгаа олон мундаг хүмүүс нь монголчууд болохоор монгол үг их оруулж яриад, тэрийг нь ойлгохгүй болчихоод байж.
-Мань мэт ч уншигчийн хувьд зохиолынх нь амт шимтэнд автаад жигтэйхэн үнэмшээд байдаг сан…
-Би ч гэсэн бас тэр номыг уншаад итгэчихсэн байсан. Энэтхэгт очоод тийм том цөгцөн дотор өөрөө зулын гол болох зан үйлийн тухай асуутал бөөн инээдэм. “Зул гэдэг юуны төлөө билээ. Гэрэл гаргахын төлөө. Гэрэл гаргахын төлөө өөрийгөө алах ямар хэрэгтэй юм бэ” гээд инээцгээгээд байгаа юм чинь. Вьетнамын дайны үед Буддын лам биеэ шатаасан нь шашны зан үйл бус гэдэг. Дайныг эсэргүүцсэн хувь хүний акц, гэхдээ Бурханы шашинтан тул бусдыг дэлбэлэх бус өөрийгөө түлж, тэр нь ч уг дайныг зогсооход бодит нөлөө болж чадсан байдаг.
Бурханы номонд өөрийгөө хөнөөнө гэдэг тун ч том нүгэл, Бурханы шашны тантрын ёсонд бол бүр Бурхан хөнөөсөнтэй ижил нүгэлд тооцдог. Нэг ганлин бүрээ хийх гээд хүн алаад чөмгийг нь авна гэсэн тийм инээдтэй юм байхгүй. (инээв. сур) Бурханы шашны ганц бахархдаг зүйл нь бусдад хорлолыг тэвчих гэж байгаа. Ялаа шумуулыг хүртэл алахгүй. Ялааг хайрлаад, хүнийг хайрладаггүй ёс суртахууны номлол байж болох уу.
Тэр “Оройгүй сүм”-д тэр ч битгий хэл Далай ламыг урт наслуулахын тулд нэг ламыг золигт гаргалаа, “Урьдын цагт жинхэнээс нь золигт гаргадаг байсан юм гэнэ лээ” гэсэн үг байгаа. Бурханы шашинд хамгийн бахархдаг зүйл нь бусдад хорлолыг тэвчих, цуст тахилыг хориглох. Өөрөөр хэлбэл ямар ч амьд амьтныг алах, хядах, цусаар тахил өргөх ёсгүй. Яагаад гэвэл амьтан аллаа гээд хүний нас уртсах биш, бүр богиносно гэсэн үйлийн үрд бид итгэдэг. Тэрнийх нь төлөө хэт ноомой болголоо гэж шүүмжлээд байдаг байх аа. Хүн өвдлөө гээд мал сэтэрлэдэг болохоос алдаггүй.
Мөн “номоо монголоор орчуулаад уншсан чинь гэсгүй нь шийтгэсэн барьсан” гээд эрүүл ухаанд орохгүй гүтгэлэг энэ номонд бий. Энэ романы тухай их шуугиад байдаг чинь Буддизмын тухай бидний мэдлэг сул байгаагийнх. Үнэн худал хамаагүй, Бурханы шашныг муулж л байвал баясдаг хүмүүст бол аз жаргал юм биз дээ. Тэрнээс шашин судлал, мэдлэгийн түвшиндээ бол хялгасын төдий ч үнэ цэнгүй зүйл. Дээрээс нь хэлэхэд жаахан хулгайтай зохиол.
-Хулгайтай гэнэ ээ?
-“Маань ганбум” гэдэг зохиол дотроос үлгэрийг нь хулгайлчихсан шүү дээ.
-Юу гэсэн үлгэр байна?
-Зохиолын эхлэл төгсгөлд, сүм барьж байсан хүнээ сохолж цөлөөд, дараа нь оройг нь барьж чадахгүй болоод хүн зарж явуулаад, “Оройг нь хэрхэн барих вэ” гэж асуулгаад, хулсан бийр чихрангуут мэдчихлээ гэж гардаг шүү дээ. Зохиолын нэр ч үүнтэй холбоотой. Тийм зохиол Буддын номонд гардаг юм. За, атаа жөтөөний тухай асуултаас хоёулаа хэтэрхий халиад явчихлаа.
Атаа жөтөө бол лут чөтгөр юм даа. Уул нь хүний муу сэтгэлүүд буурахын хэрээр хүнд амгалантай гэж номонд буудаг. Муу сэтгэлийг халуун өвчтэй адилхан гэдэг. Муу сэтгэл нэмэгдээд байвал хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад, уралдаал тайвширч чадахгүй болчихож байгаа юм. Энэ цахим ертөнц, жиргээг харж байхад бид үе үе халуун өвчнөөр энэлсэн хүмүүс шиг санагдах.
Жаахан тайвшрах сан. Муу зүйлийг тоолгүй орхи гэсэн үг биш шүү, дийлэнх тохиолдолд бид амин хувийн ашиг сонирхлоороо л талцдаг. Дайсагнаад байгаа хүндээ хамгийн зэвүүн муу үг хэлчихвэл бах нь ханаад, тэр хэрээрээ өөрөө муухай үг сонсоод л. Халуун хамуу, маажаад байхын хэрээр л гоё байдаг юм биз дээ.
-Наян дөрвөн мянган нисванисыг яасхийж дармаар ч юм бэ дээ?
-Хоёр төвшин байгаа юм. Наян дөрвөн мянган муу сэтгэлийг дарах юм яривал гэгээрэл байна гэсэн үг. Гэгээрэл гэж холын юм. Хүнээс илүү шуналтай хүн жигтэйхэн гэгээрэл яриад унахаар гэгээрэл гэдэг үгийн үнэ цэнэ алдагдах. Бурханы шашинд гэгээрэх шат дараалал байна аа гэнэ. Адаглаад ерийн дунджаас илүү зарчимтай болж чадсаны дараа тэр гэгээрэл мэгээрлээ яривал чухам үнэмшилтэй байна биз дээ.
“Бодь мөрийн зэрэг” номонд өгүүлснээр эхлээд бид нийтийн ёс суртахуун гэдэг зүйлээ дагаж мөрдөж сурах хэрэгтэй. Тэгэхээр бид ганцхан өнгө мөнгөнөөс илүү үнэт зүйл байдаг гэдгийг эхлээд ухаарах хэрэгтэй. Шуналыг тодорхой хэмжээнд хязгаарладаг, түүнээс давсан эрх чөлөөг өөртөө бий болгох. Тэрний дараа шуналаа бүр дарах хэрэгтэй байх. Одоо түүний халууныг нь жаахан бууруулах, бүр адаглаад бууруулах хэрэгтэйг ухаарах нь л эн тэргүүний хэрэг болоод байна.
-Өнөө цагт их олон хутагт хувилгаад тодроод байх юм. Хутагт, хувилгаад гэдэг чинь номын зэрэг цол юм уу, эсвэл цаанаасаа төрчихдөг юм бол уу?
-За хутагт хувилгаан гэсэн агуулгад буддын өөрийн онол, буддизмд судлал, шүтэх бишрэх эрх чөлөө, бүр шашны маркетинг гээд олон шугамууд харагддаг тул санаагаа жаахан дэлгэрэнгүй хэлье. Нэгд, Бурханы шашны бүх урсгалууд хойд, урд нас бий гэж үзнэ. Хоёрт, гэгээрэл бол урт удаан замнал юм гэж үздэг. Бурхан багшийг өмнөх олон төрөлдөө сайн сэтгэлээ хөгжүүлэн хөгжүүлсээр байсан тухай Буддизмын бүх урсгал сургуулиуд хүлээн зөвшөөрдөг жатака (цадиг хэмээх монгол үг энэ үгнээс гаралтай гэдэг) хэмээх цадигт гардаг.
Хэрвээ тийм бол, энэ насандаа өчнөөн гэгээрлийн номыг хөгжүүлээд, дадуулчихсан хүмүүс дараа төрөлдөө энгийн хүнээс арай илүү авьяаслаг байна аа гэсэн санаа гардаг. Төгөлдөр хуурын авьяас гэж байдаг шиг номонд илүү авьяастай байна. Төрөлхийн шунал нь бага байна. Төрөлхийн энэрэл нигүүсэл нь арай их байна. Тэр хүмүүсийг олоод номонд оруулбал шашны манлайлагч нар гарч ирнэ. Ийм л санаа шүү дээ.
Би Өндөр богдоос нааших найман богдод их сүсэглэж залбирдаг юм. Монголын шашны эзэн нь залраад шашнаа манлайлна л гэж боддог. Энэ чинь итгэл үнэмшлийн асуудал. Хоёр мянган жилийн өмнө Ромд байсан еврей хүнийг ертөнцийн жигтэйхэн гайхамшигтай ганц аврал гээд шүтээд байгаа биз дээ. Тэр хүнийг бүр үхээд боссон юм гэнэлээ гэж итгэж болоод байна. Мүүн гэдэг нэг солонгосыг амьд бурхан гэж нэлээд монголчууд шүтэж болоод байна. Чинхай хэмээх вьетнам-хятад бүсгүйг төгс гэгээрсэн гээд монголчууд шүтэж болоод байгаа биз дээ.
Тийм бол төрөл тутамдаа монголчуудыг аварна гэсэн тангарагтай, агуу их энэрэл нигүүсэлтэй, урьд урьдын ерөөлийн хүчээр Монголд төрж буй бодгаль гансаг Монголд байна аа гэж би итгэж болно оо доо. Итгэх эрхтэй. Миний энэ итгэл үнэмшлийг бусад хүн хүндлэх нь зөв. Нөгөө талаар хутагт хувилгаад төрнө гэдэг чинь шашны институцийн асуудал байгаа юм.Түвдийн шашинд жишээлбэл хутагт хувилгаад байдаг.
Гэхдээ хутагт хувилгааныг бүтээдэг үйлдвэр буюу мундаг сургуулиуд байна. Намайг Энэтхэгт сурч байхад манай ангид хоёр гурван хувилгаан байсан. Тэр хувилгаад яадаг вэ гэхээр энгийн лам нараас хоёр гурав дахин ачаалалтай, илүү хяналттай, тусгайлан бэлдэх нь байна шүү дээ. Тэд ч багаасаа хариуцлагаа ухаарсан байдаг. Тэгэхээр хутагт хувилгаад гэж зүгээр нэг тодруулаад хаячихдаг юм биш.
Шашны институци хариуцлагаа бүрэн хүлээж, түүнийгээ бэлтгэж, мэдлэгтэй болгоод хувилгаан гэсэн брэндийг бүтээдэг. Үе удам дамжтал ийм брэндийг бий болгодог, хүмүүст хүрэх шашны институцийн арга байж болно. Нөгөө талаас, хүнээс илүү, эгэл биш хутагт хувилгаадыг би харж л байсан. Монгол хувилгаадын дунд ч эгэл биш гэмээр, хүндэлмээр хувилгаад байна.
-Эгэл биш нь яаж анзаарагдах вэ?
-Үгүйдээ гэхэд хүн хүнээс илүү номоо үзэх, хүнээс илүү гэгээн зөв, одоогийн хүүхдүүдтэй харьцуулахын аргагүй төвлөрөлтэй хүүхэд байна шүү дээ. Бид Жалханз хутагт, Дилова хутагт гээд ийм гайхамшигтай хутагтуудын жишээг мэднэ. Монголын түүхэнд үнэхээр үүрэг гүйцэтгэсэн лам нар. Тэд ямар их эх оронч байсан юм. Гэхдээ дахиад хэлэхэд, хутагт хувилгаадыг зүгээр ч нэг тодруулаад орхичихдог юм биш.
Хувилгаадын хувилгаан Далай ламыг хүртэл тэр цаг үеийн хамгийн мэргэн багш нар сургаж, ташуурдах газар нь ташуурдаж байж одоогийн их багшийг бүтээсэн гэлцдэг, Далай багш өөрөө ч айлддаг. Тэгэхээр шашны байгууллын зүгээс бол маш хянуур, бодлоготой хийх ёстой зүйл. Бурханы шашны олон урсгалд хувилгаан тодруулах зан үйл байдаггүй.
-Аравдугаар Богд Монголоос тодорсон гээд шуугиад байх юм?
-Би сайн мэдэхгүй юм. Хэрэв аравдугаар Богд тодорвол Монголд төвлөрсөн Бурханы шашин хүчирхэгжинэ. Буддын ертөнцөд энэ бол том чимээ болно. Аравдугаар Богд тодроход л Өмнөд Монгол, Буриад, Халимагаас өчнөөн монголчууд ирдэг болно. Үе үеийн Богд эрдэнийн үйлсийн хүч, нөгөөтэйгүүр бидний ухаан тал талаасаа нийлж чадвал дэлхийн хэмжээний хүн гарч ирнэ шүү.
Жавзандамба хутагт гэдэг нэрийг бид ашиглаж чадвал дэлхийн брэнд шүү. Тодруулахаас өмнө л дэлхийн том том хэвлэлүүдэд “Монголд морилсон гэнээ” гээд гараад эхэлчихсэн. Тодроогүй байхад л аль хэдийнэ нэр нь яваад байна шүү дээ. Энд дахиад хэлэхэд энэ итгэмгүй тэнэг сонсогдож болно. Гэхдээ Монголын Бурханы шашинтнууд бидний л шүтэх эрх юм.
Эх сурвалж: Л.Батцэнгэл
dnn.mn