Олон зууны турш тасралтгүй тэмдэглэсээр ирсэн Сар шинийн баяраа бид маргааш тэмдэглэх гэж байна. Түүхийн сурвалж бичгүүдийг шүүрдэн үзвэл хамгийн анх 1207 онд Цагаан сарын талаар тэмдэглэн үлдээжээ. Энэ баярын талаар сурвалжуудад хэрхэн бичиж үлдээсэн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Түүхийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Анхбаяр тайлбарласныг хүргэж байна.
Он тоолол үүссэнээр хүн төрөлхтөн Шинэ жилийн баярыг тэмдэглэж эхэлжээ. Цагаан сар бидний Шинэ жилийн баяр юм. Нарны, сарны гэсэн хоёр төрлийн он тоолол бий. Нүүдэлчин монголчууд сарны тооллыг баримталдаг. Энэ нь нарны тооллоос ихээхэн зөрүүтэй, Шинийн 3-ны өдөр хоёр өдөр дараалах, Шинийн 3-наас 5 руу шууд шилжих гэх мэт онцлогууд бий. Ихэнх Дундад Азийн нүүдэлчид Шинэ жилийн баяраа хавар тэмдэглэж, заримдаа Хаврын баяр гэж нэрлэдэг. Эртний Персийн он тоололд (Яздыгар) гуравдугаар сарын 22-ныг жилийн эхний өдөр гэж тэмдэглэсэн байдаг.
Угаасаа Монголчууд найр хуримаа ихээхэн хөлтэй тэмдэглэдэг байсан талаар 13 дугаар зууны үед Монголд ирсэн элч, төлөөлөгч нар бичсэн байдаг. Монголчуудын Цагаан сарын түүхийг ярихын тулд 12 жилийн он тооллыг хэзээнээс мөрдөж эхэлснийг мэдэх хэрэгтэй. Түүхчдийн үздэгээр нь он тоолол төрт ёстой шууд холбоотой. Төрийн ёс тогтож, алба ажлаа явуулахын тулд он тооллыг ашигладаг. Манай улсаас олдсон амьтны археологийн олдворууд, хятад сурвалж бичгүүдээс үзвэл Хүннүгийн үед 12 жилийн он тооллыг ашиглаж, хавар шинэ оны баяр тэмдэглэж байжээ.
Дөрвөн зүг, найман зовхисын систем Хүннүгийн үед байсныг батлах нэг олдвор бий. Хүннүгийн үед Пинчан хотын төлөөх алдарт тулаан болсон. Хүннүгийн Шанью Пинчан хотыг эзлэхдээ дөрвөн талаас нь дөрвөн өөр зүсмийн морьдоор зүс нийлүүлэн морьт цэрэгтэй дайрсан тухай хятад сурвалжид бичжээ. 12 жилийн тоолол Хүннүгээс дараа дараагийн төрт улсуудад уламжилсан.
Одоогоор Цагаан сарыг түүхэн сурвалжид тэмдэглэсэн хамгийн анхны баримт нь 1207 онд бичсэн, Инжинашийн “Хөх судар” гэж үздэг. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад, 1207 онд Цагаан сарыг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Чингис хаан өглөөний нарнаар босож, шинэ хувцас өмсөөд, Өүлэн ээжтэйгээ золгон мэндчилсэн талаар Инжинаш тэмдэглэн үлдээсэн.
Дорно дахины ард түмэн хятадын шар зурхайг мөрддөг. Орчин цагийн хэллэгээр зөөлөн хүчний бодлого гэж нэрлэх болсон, өөрсдийн соёлыг хүлээн зөвшөөрүүлэн, хэрэглүүлэх гэсэн оролдлого Хүннүгийн үед ч байжээ. Буддын шашин анхлан дэлгэрч байсан Алтан хааны үед Хятадын Мин улсаас Алтан хаанд элчээр бэлэг илгээхдээ цул алтан Майдар бурханы хөрөг, 80 орчим алтан бурхан, шашны хөлгөн судруудыг өөрсдийн зардлаар монгол хэл рүү хөрвүүлэн, өгчээ. Хэдийгээр Хятадууд 12 жилийн он тооллыг мөрддөг ч шар зурхайн аргыг хэрэглэдэг.
Гэсэн ч Хүннүгийн үеэс уламжилж ирсэн бидний соёлын нэг дархлаа бол аливаа шинэ соёлыг нэвтрүүлэхдээ Хятадаар дамжуулан авахгүй гэсэн бодлого юм. Иймд Түмэдийн Алтан хаан Буддын шашныг авахдаа Энэтхэгээс үүсэлтэй, Зонховын их хөлгөний ёсыг сонгосон. Ингэхдээ овоо тахилга гэх мэт бөөгийн ёсны зарим үйлдлийг монголчлон шигтгэжээ.
Шар зурхайгаар Цагаан сар тэмдэглэж байхыг хуульчилсан, анхны баримтыг 1712 онд, Манжийн эрхшээл эхэлсний дараа үйлдсэн байдаг. Энэ үед Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас манай төрийн хэргийг шийдэж байв. Нийслэлд хүрээнд тус яамнаас Хэрэг шийтгэгч сайдын газар, Улиастайд Хол дахиныг тохинуулагч сайдын газрыг, Ховдод баруун хязгаарын хэргийг тохинуулагчийг тус тус байгуулан ажиллуулж байв. Эдгээр газрыг удирдсан хүмүүсийг Хүрээ амбан, Улиастай амбан гэх мэтээр нэрлэж байв.
Сүмбэ хамба Ишбалжир
Гэвч Бээжингээс илгээсэн дээрх зарлигийг эсэргүүцэн, Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл болох зурхайч, одон орон судлаач Сүмбэ хамба Ишбалжир Төвдийн зурхайг Монголын цаг уур, уул усны онцлогт тохируулан, 1747 онд Төгс Буянтын зурхай гэж нэрлэн, боловсруулсан. Энэ бол он цаг тооллын шинэ систем юм. Иймд Цагаан сар тэмдэглэхэд шар зурхайгаас зөрдөг. Үндсэн загвар нь Төвд зурхай ч Төвдүүдийнхээс ч ялгаатай. Үүнээс хойш 300 орчим жилийн турш бид Төгс Буянтын зурхайг ашиглаж байна. БНМАУ-ын үед ч энэ системийг эвдээгүй. Л.Тэрбиш гуай Сүмбэ хамба Ишбалжирын аргачлалд үндэслэдэг. Энэ аргачлалд үс авах өдөр, сайн муу өдрийг тов тодорхой бичсэн. Түүнээс жил бүр шинээр зурхай зохиогоогүй, хүснэгтийг л шинээр бичдэг юм. 12 жилийг 5 махбодид, 5 өнгөд хуваадаг. 12-ыг 5-аар үжрүүлж, 60-ны тооллыг ашигладаг. Сүмбэ хамба Ишбалжирийн өөрийн тооцооллоор энэ аргыг Чингис хаанаас өмнө, Кидан улсын үед анх ашиглажээ.
Харин өнөө үед есдүгээр сард золгодог бүлэг хүмүүс гараад ирлээ. Энэ бол нэгэнт тогтсон ёсыг өөрчлөх гэсэн хэсэг хүний том амбийц юм. Эсвэл монголчуудын шашин соёлд нөлөөлөх гэсэн, хүчирхэг улсын бодлого байж болно.
ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХИЙН ТУЛД ГЭРЭЭ ЗАРААД, ГЭХДЭЭ ГЭРЭЭ ЦАГААН САРЫН ДАРАА ӨГӨХӨӨР ТОХИРЧЭЭ
Ардын журамт цэргүүд
“Ардын журамт цэргийн дурдатгалууд” хэмээх 3 ботид Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байсан талаар дурссан байдаг. 1910-аад оны үед Цагаан сар тэмдэглэхийн тулд гэрээ зараад, гэхдээ гэрээ Цагаан сарын дараа өгөхөөр тохирч, баярын дараа гэргүй болсон тохиолдлыг бичсэн байдаг. Тэр үед цайны авдрыг хунз гэж нэрлэдэг байжээ. Нэг айл хойморийн авдрынхаа оронд хунзтай цай өрөн, баярхжээ. Гэтэл нэг согтуу хүн шар нь хөдлөөд, ямар их баярхдаг юм гээд өшиглөтөл өнөө хунзаа туйпуугаар дүүргэсэн байсан.
Эндээс Монголчуудад ирэх жилдээ элбэг хангалуун байхыг бэлгэдэн, Цагаан сарын үеэр гар татдаггүй сэтгэлгээ байсныг 100-гаад жилийн өмнөхөөс ч харж болно. Угаасаа Монголчууд найр хуримаа ихээхэн хөлтэй тэмдэглэдэг байсан талаар 13 дугаар зууны үед Монголд ирсэн элч, төлөөлөгч нар бичсэн байдаг.
Мөн Ил хаадын минятурт хонины бүтэн мах, ууцыг дүрсэлсэн байдаг. Гэтэл зарим хүн монголчууд ер нь ууц идээ тавьдаг байсан юм уу гэж эргэлздэг. Хүннүгийн булшнаас олсон хонины яс ууцны тавилттай байсан. Ил хаант улсын монголчууд ч Цагаан сар тэмдэглэдэг байсан мэдээ перс сурвалжуудад бий. Хижрийн он тооллоор Хоёрдугаар сард шинэ жилийн баяраа тэмдэглэсэн гэснээс үзэхэд Цагаан сарын баяр мөн. Хачирхалтай нь Ираны Кажарын хаант улс 1900-гаад оныг хүртэл 12 жилийн тооллыг өөрсдийн Хижрийн тоололтой давхар ашигласан. Хоёр жилийн өмнө би Ираны зоос судлаачдын гаргасан нэг номыг үзтэл номын өмнөх онд “…тахиа жил” гэж бичсэн байсан. Персээр биш, такику жил гэж монгол үгээр, хулгана жилийг гялгана, хукар гэж үхэр жилийг тэмдэглэжээ.
АЛТАЙН УРИАНХАЙЧУУД БИТҮҮНИЙ ШӨНӨ ТӨМӨР ДӨШӨН ДЭЭР ТӨМӨР УЛАЙСГАЖ ХАЙЛУУЛАН ЦОХИДОГ
Эргүнэ хунгийн домогт өгүүлсэн газрыг түүхчид өөр өөрөөр таамагладаг юм.Алдарт түүхч Рашид ад дин Цагаан сарын талаар “Судрын чуулган”-д бүтээлдээ бичихдээ Эргүнээ хунгийн домгийг дүрслэн өгүүлсэн.
Домогт өгүүлснээр Түрэгүүдтэй дайтсан монголчууд ялагдал хүлээн, хоёрхон гэр бүл амьд үлджээ. Тэд дутаан явсаар нууц орц бүхий уулын хөндийд бүгэв. Эргэн тойрон нь уулаар хүрээлэгдсэн, ганцхан нууц орц гарцтай тэр газарт 400 жил суурьшин амьдарчээ. Улмаар хүн нь олшрон, тэндээ багтахаа больж, дээрээс нь нууц орц, гарцаа ч олохгүй болов. Иймд төмрийн хүдэр ихтэй уулыг галдан хайлуулж, сэтлээд гарц гаргахаар хоорондоо зөвлөлджээ. Ингээд 70 үхрийн ширээр том хөөрөг хийн, үлээлгэж уулыг сэтэлжээ. Тэрхүү хөндийгөөс эсэн мэнд гарч ирсэн өдрөө монголчууд шинэ он гэж үзэн, тэмдэглэдэг гэж Рашид ад дин бичжээ. Мөн энэ өдрийг дурсан, битүүний шөнө төмөр дөшөн дээр төмөр улайсгаж хайлуулан цохидог зан үйлийг одоог хүртэл энд үйлддэг гэж өөрийн нүдээр үзсэнээ 1304 онд бичиж үлдээсэн. Алтайн Урианхайчуудын талаарх орчин цагийн угсаатны зүйн нэгэн судалгааны ажилд битүүний орой дархан айлд нутгийнхан олноороо цуглан, дархан улайссан төмөр цохиход оч нь хэр хол үсрэхийг бүгд харан бэлэгшээдэг гэж бичжээ.
Тэгэхээр Цагаан сар бол бидний түүхэн баяр, монголчуудын соёлын дархлаа юм. 12 жилийн тооллыг Хүннүгийн үеэс ашигласаар иржээ. Харин Манжийн эрхшээлд ороход шар зурхай хэрэглэхийг тулгахад монголчууд өөрсдийн онцлогт тохируулан, Төгс Буянтын зурхайг зохиосон байна.
Эх сурвалж: gogo.mn