АЛТАЙ ТАВАН БОГД
Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
Монгол Алтайн нурууны хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Алтай хотод байрладаг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Сийлхэмийн байгалийн цогцолбор газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцдаг. Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог.
Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь өндөр уулсаар хүрээлэгдэн Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино. Бүхэлдээ өргөгдсөн гадаргатай уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм.
Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэдгээрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол байдаг бөгөөд нийт талбай нь 24 ам километр. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай.
Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Монгол Алтайн нурууны багахан хэсэг нь армаг тармаг шинэсэн ойтой. Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, Алтайн аргаль, янгир, халиун буга бий. Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг.
Уул хад ой модоор нь махчин шувууд болох ёл, тас, бүргэд, сар, шонхор шувууд байхаас гадна Алтайн хойлог, өгөөлэй шулганаа, борцгор хотон, гангар хун, хар өрөвтас, итэлгэн цахлай, хээрийн галуу зэрэг нэн ховор шувууд тохиолдоно. Голуудаар нь монгол хадран, алтайн сугас, нохой сугас гэдэг 3 зүйл маш элбэг байдаг.
Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг.
Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий.
Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр иржээ.
БУРХАН ХАЛДУН УУЛ
Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон.
Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай.
Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.
Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан.
Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ.
Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгад уул биш. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна. 1992 онд 12,000 ам километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, улсын хамгаалалтанд авчээ.
АЛТАН ОВОО
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг.
Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.
Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг.
Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.
БОГД ХАН УУЛ
Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг.
1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.
Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг.
54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг.
Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.
АЛТАН ХӨХИЙ УУЛ
Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно.
Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.
Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ.
Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг.
Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.
ОТГОНТЭНГЭР УУЛ
Эрт урьд цагт Богд Дүнжингарав одоогийнхоосоо огт өөр уул байсан гэнэ. Мөсөн дуудлагт орой нь хөх тэнгэр баганадсан, цасан мөнгөн цээжнээс нь доохнуур үүл хоноглон уур савассан, түүнээс дооших биеийг ногоон ой хучсан үзэсгэлэнт уул байжээ. Чингэтэл хангай нутгийн баруун говь ус чийгээр дутагдаж ган гачигт нэрвэгджээ. Хүн амьтныг ган гачгаас аврах нэгэн их бяртай эр тэнд төржээ. Тэр хүдэр эр Богд Дүнжингаравыг зорин ирж тэхий дундуур нь оосорлож үүрээд бостол цээжин бие нь тасраад ирж.
Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ. Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино.
ХҮЙСИЙН НАЙМАН НУУР
Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт. далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн өндөр уулсын дунд галт уулын дэлбэрэлт, газрын текгоник хөдөлгөөнөөс үүссэн тэвшин хэлбэрийн хөндийд орших Ширээт, Халиут. Бугат, Хаяа. Хүйс, Шанаа, Мухар, Дөрөө гэсэн хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцгой үзэсгэлэнт газрыг Хүйсийн Найман нуур гэдэг.
Хүйсийн Найман нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтанд авч. УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дурсгалт газар болгон баталжээ. Хамгаалалтын үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг.
Нуурын хөндийг хүрээлэн Урт жалгын тогоо. Довын тогоо. Ар битүүтийн тогоо. Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг ба эргэн тойрон их хөвч тайгаар хүрээлсэн сүрлэг өндөр уулсгай. Ойн санд хуш, шинэс зэрэг шилмүүсг мод зонхилно. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхгөн. 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг.
Хангайн гол нурууны хэсэгболох Шурангын, Гятрууны. Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь Хангайн арын Ханбаян гэдэг галт уул дэлбэрч гарсан халуун хайлмал бодис нь царцаад Цагаан-Азарга голын урсгалыг хаахад бий болсон усан сан гэж үздэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг тул зуны улиралд тийш зорих гадна дотны аялагч, жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг.
Хүйсийн Найман нуурын үзэсгэлэнт хөндий рүү Уянга сумын талаас Шурангын голыг өгсч Ширээтийн даваагаар И46°30’48.4″, Е101⁰51’27.4″ давж ордог бол Бат-Өлзий сумын талаас Бөөрөгийн хөндийг өгсч Бодонгийн хөтлөөр давж орно.
Ширээтийн даваагаар зассан автозамтай бол Бодонгийн хөтөл нь морин жим замтай. Ус, намаг багатай жилүүдэд Цагаан Азаргын голыг өгсч Шанаа нуур талаас машинаар болон ердийн хөсгөөр орж ирж болдог. Уянга сумын талаас нуур хүртэл 30 гаран км, замдаа Шурангын голын эрэгт байх Шурангын цохио гэж 28 метр өндөр ургаа хадан цохиог үзээрэй.
Энэ хадан цохион дээгүүр чулуу давуулан шидэж чадсан хүн олон мал, хөрөнгөтэй болдог гэсэн домог яриа нутгийн олны дунд байдаг. Ширээтийн даваан дээрээс Ширээт И46⁰31,40.8”,Е101⁰49’59.5”,Мухарт нуур үнэхээр тод үзэсгэлэнтэй харагдана. Энэ Ширээт нууранд 1977 – 1978 онд Загасны хэмээх А.Дулмаа Байгал нуураас омуль, цагаан зарам буюу пельд гэж загасыгтавьж үржүүлсэн бөгөөд одоо загасны нөөц нь их болсон нуур. Нуурын хөндийн голд Хүйс хэмээх голдоо жижиг аралтай нуур бий.
Ширээтийн даваагаар давж Ширээт Мухарт нуурыг үзээд Хүйс нуур. Бодонгийн хөтлийг холбосон морин зам нуурын хөндийд бий.
СУТАЙ ХАЙРХАН УУЛ
Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм.Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг.
Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.
ХАН ХӨХИЙ УУЛ
Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог.
Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. YI-YIII зууны үед Түрэгүндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Ханхөхий уулыг тахин шүтэж байсан тухай баримт байдаг. Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Ханхөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ.
Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Нарванчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ. 2007 оны 7-р сарын 26-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлиг ёсоор энэ уулыг дөрвөн жилд нэг удаа тахихаар болсон бөгөөд 2008, 2012, 2016 онуудад тахилгыг үйлджээ.
ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛ
Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын-Ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2 694 307 га талбайг хамруулан баталгаажуулсан.
Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.
Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий.
Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.
СУВАРГА ХАЙРХАН
Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирэхдээ Их цагаан уул гэж нэрлэсээр иржээ. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлигаар 2007 оны 7-р сарын 26-нд төрийн тахилгатай уул болгожээ.
Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр өвс ногоо сайхан ургадгаас гадна алт мөнгө зэрэг эрдэс баялгийн нөөцтэй. Мөн Тамир, Цэнхэр, Орхон голууд эх аван урсдаг усны ундарга болсон газар учраас хайрлан хамгаалахын тулд Төрийн тахилгат хайрхан болгожээ.
Хэрвээ байгалийн зүй тогтоц алдагдвал баруун зүгийн аймгуудын усны санд нөлөөлнө хэмээн үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг байна. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий.
Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Сүүлийн жилүүдэд цас мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Эх сурвалж: budda.mn
Фото: Гэрэл зурагчин Б.Баярын бүтээлээс …
6 comments
Алтай Таван Богдын түүх иим учиртай Алтай Таван Богдын зүүн урьд талаас Хурган нуураас эх авч урсдаг Ховд голын хойд хэсэг нь Дөрвөд далай хааны нутаг өмнө тал нь урианхай долоон хошууны нутаг юмаа Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдсан бөгөөд Ховд голын хойд тал ннь Увс аймгийн нутаг урьд тал нь Ховд аймгийн нутагт харяалагдаж байсан сүүлийн үед газар орны нэр өөрчилж шалдар балдир түүхчид нэртэй өлсгөлөн новшнууд давсанд хуурсан адууны маханд хууртагдаж газар орны нэрийг их сольж байгаад эмзэглэдэг шүү
яг үнэн
Алтай таван богд хэзээ ч казакуудын нутаг байгаагүй урианхай түмний нутаг юм шүү
тий шүү Баян Өлгий аймаг Урианхайчуудын унаган нутаг
Чи энэ энэ юмаа юу гэж дахин дахин тавиад байгаа юм бэ газар усны нэрийг казакаар бичсэн тэр нэршлүүдийг чи бичиг үсэг мэддэг бол газрын зурагнаас хар турж үхэх гэж байгаа юм шиг нэг хасагийн гэрт давстай адууны махаар газар усны нэр солиод солиотой гоожуур бэ чамайг тува урианхайн онгон сахиусууд ниргэнэ газар усаар тэгж ородож болохгүй дуртай бол өөрийнхөө нэрийг тэр халбай жаланаш гэж соль чи үр удам өөрийгөө нхргүүлэх юм хийж байна уг нь өнөөдөр цагаан сар болж байгаа давсанд хуурсан адууны мах харагдаад турж үхлээ юу
Алтай таванбогдын домог гэж байна. Та нар казыг битгий тэгж давсанд хуурсан энэ тэр гэж олон таван уг хэлж яахав. Чамад хусээд хусээд тэр бур ойлгохгуй хоол шдээ. Нэг бол чамд казы гэж давсанд хуурсан нохойн махаар дайлж янз нь.Домог бол бий.