Удаан хугацаанд өрнөсөн УИХ-ын гишүүдийн даргаа огцруулах санаа өнгөрөгч долоо хоногт биеллээ олж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн дагуу М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Түүнийг албан тушаалаас огцруулах ажиллагаа улс төрд эрүүл биш, хурцадмал байдлыг үүсгэж, дагаад улстөрчдийн хууль бус, хэрэг зөрчилтэй холбоотой олон арван баримтууд ил гарлаа. Сонгуулийн өмнөх жил дэгдсэн энэ дуулиан цааш үргэлжилж, нэр холбогдсон улстөрчдийн, улс төрийн намуудын ирэх оны сонгуульд ялж, ялагдах гол шалтгаан болж өгч мэдэхээр болов.
Албан тушаалаа хүлээлгэн өгсөн М.Энхболд чуулганы танхимд УИХ хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна. Хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажилласан шигээ ард түмний өмнө тулгарсан, нийгэмд тулгамдсан, шийдлээ хүлээсэн асуудлуудад УИХ шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй.
Өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна гэж хэлсэн байгаа.
Тэр энэ үгээрээ одоо МАН-ын удирдлагыг гартаа атгаж буй хэсэгт ирж яваа сонгуулийн босго нэлээд хатуу болж ирсэн шүү. Үлдсэн 1.5 жилд ямархуу байхыг би биш, нийтээрээ харна. Ямар бодлого, ямар байр суурь баримталж, яаж ажиллахаас чинь их юм шалтгаална. Дүнгээ тэр үед хараарай гээд хэлчих шиг болов.
У.Хүрэлсүхийн танхим бүтэн болов
УИХ-ын даргыг огцруулж болох хуулийн төслийн сургаар л шинэ УИХ-ын дарга хэн байх вэ гэсэн таавар дэгдэж эхэлсэн. Болж өнгөрсөн үйл явцаас харахад энэ албан тушаалыг цөөнгүй гишүүн сонирхож байсан болж таарав.
МАН-ын УИХ-д хэд хэд сонгогдсон, Н.Энхболд, Ц.Нямдорж нарын гишүүдийн нэр энэ өдрүүдэд УИХ-ын дарга болох магадлалтай хүний тоонд яригдсан бол Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нэр дэвших саналаа өгцгөөсөн байгаа.
Гэвч МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад ЗГХЭГ-ын даргаа зүтгүүллээ. Г.Занданшатарын тухайд УИХ-д гурван удаа сонгогдож, дэд сайд, сайдын албан тушаал хашиж байсан нэгэн.
Харин түүний хашиж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд Л.Оюун-Эрдэнийг дэмжүүлсэн нь нийгмээс тийм ч сайн үнэлгээ авсангүй. Шулуухан хэлэхэд, нийгмийн дийлэнх нь Л.Оюун-Эрдэнийг нийгэмд үүсгэсэн бужигнааны шагналаа авлаа хэмээн дургүйцэж, шүүмжилж байна.
Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн өндөр албан тушаалын томилгоо явагдсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тус тус удирдахаар боллоо. Ингэснээр Сар шинэтэй уралдан Засгийн газар, У.Хүрэлсүхийн танхим бүтэн болов.
Фракц талаас харвал М.Энх-Амгалан У.Хүрэлсүхийн, Ё.Баатарбилэг “хот фракц” буюу М.Энхболдод хамааралтай. МАН-ын дарга томилгоо хийгдэх хоёр яамныхаа нэгийг М.Энхболдын фракцынханд өгч байгаагаас харвал, тэр нам дотор үүссэн хурцадмал асуудал, талцал хэрүүлийг цааш үргэлжлүүлэх сонирхол бага байгаа. УИХ-ын даргыг огцруулсны маргаашаас эхлэн өөрийнх нь эсрэг зогссоор байж мэдэх энэ фракцын эвийг олох анхны шанг татах оролдлого хийж, байдлыг ажих гэж байж магадгүй харагдаж байна.
Хэнтийн нөхөн сонгууль хэнд илүү ээлтэй вэ?
УИХ-д хураагдсан, хэлэлцэх ёстой асуудлууд олон байсан ч хэд хэдэн томилгоо хийсэн УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Онцолж хэлэхэд 75 гишүүнтэй болсон УИХ энэ өдрүүдэд 76 дахь гишүүнээ хүлээн авах бэлтгэлээ хийсэн.
Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зарлах шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт парламент гаргалаа. Нөхөн сонгуульд бэлдэх ажил хоёрдугаар сарын 10-наас эхэлж, санал хураалтыг 2019 оны зургаадугаар сарын 30-нд явуулна.
Энэ тойргийг эзгүйрүүлсэн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт нэр холбогдсон. Д.Гантулгын дуулиант хэрэг шүүхээс эцэслэн шийдэгдээгүй, түүнийг улсын хилээр гарах эрхийг прокурор хязгаарласан байдалтай байж байна.
Нөхөн сонгуульд харин улсын төсвөөс 300 сая орчим төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Тодорхой хэлбэл, нөхөн сонгуульд 287 сая 614 мянга 335 төгрөг зарцуулна. Хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Бага зэрэг “хужирлаж” хэлбэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын дэгдээсэн дуулиан 300 орчим сая төгрөгийн үнэд хүрлээ гэсэн үг юм.
Сар шинийн дараа Хэнтий аймагт өрнөх УИХ-ын нөхөн сонгууль эрх баригч намын хувьд рейтингийн томоохон шалгалт байх болов уу. АН-ын хувьд ч энэ тойрог бас хүндхэн даваа байх магадлалтай.
АН-ыг төлөөлж эндээс нэр дэвшин сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар авлига, хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Итгэл өгөөд явуулсан сонгогчдынхоо урмыг хугалан, гэмт хэргийн мэдээ мэдээлэл илгээсэн тэдний баримтууд АН болон МАН-ын нэр хүндийг доош татна уу гэхээс дээш өргөхгүй байх.
Улс төрийн намуудад итгэх нь багасаж буй ийм цаг үед Хэнтийд өрнөх нөхөн сонгууль гуравдагч улс төрийн нам, эсвэл шинэ залуучуудад ээлтэй байж мэдэхээр байна.
Д.ШАТАРБАЛ