Бангкокийн иргэд утаанаас болж цусаар ханиаж байна

Бангкок хотын өтгөн утаа бүрхэж, уушги, амьсгалын замын өвчлөл тус хотод эрс нэмэгджээ. Хотын иргэд цусаар ханиалгах, хамраас нь цус гарах нь эрс нэмэгдсэн төдийгүй амьтны эмнэлгүүд ч хүчилтөрөгчийн дутмагшилд орж өвчилсөн амьтдаар дүүрчээ. Хотын агаартРМ2.5 нарийн ширхэгт тоосонцор ихэсч, тэрхүү тоосонцор нь хүний уушгинд сууж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй аюул заналхийлэл учруулж байгаа юм.

Шинжээчдийн анхааруулснаар автомашин, барилга, гудамжны хоол хүнснээс болсон агаарын бохирдол хэтдээ хотод хэдэн арван сая долларын хохирол учруулж мэдэх гэнэ. Бангкокийн олон нийтийн сүлжээнд тавигдсан зургуудаас харахад тэд агаарын бохирдолд хэрхэн өртөж байгаа нь тодорхой байна. Иргэд бүтэн өдөржин маск зүүгээд ч нэмэргүй, цусаар ханиалгах болсон гэнэ.

Оффисын ажилтан Нуттавут Сиричайнарумит олон нийтийн сүлжээнд энгийн найтаалтын дараа гар нь хэрхэн цус болсон тухай зургаа тавьжээ. Түүний хэлж буйгаар хотыг бүрхсэн тоосонцор үүлнээс энэ бүгд болсон гэнэ. “Хоёр хоногийн өмнөөс амьсгалах үед хамар өвддөг болсон юм. Би шөнөжин найтаалгаад, маргааш өглөө нь хэд найтаасан чинь цус гарсан. Би үнэхээр их цочирдсон. Өмнө нь надад ийм зүйл огт тохиолдож байгаагүй ээ. Энэ бүхэн тоосонцроос болсон гэж бодож байна” гэжээ.

Бангкокийн бас нэгэн иргэн Сейне Преммануспасал мөн уушгины халдварт өртжээ. Үүнээс өмнө тэрбээр гурав хоног бөөлжиж, цусаар ханиалгасан байна. Хамгийн гол нь тэрбээр амьдралдаа нэг ч удаа амьсгалын замын өвчнөөр өвчилж байгаагүй гэнэ. “Бохир агаарт нян, вирусууд амьдарч, бие махбодод алгуурхан нөлөөлж эхэлдэг юм байна. Та өөрийгөө эрүүл саруул гэж бодож байсан ч хүрээлэн буй орчны аймшигт бохирдол таны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг ажээ” хэмээн тэрбээр бичжээ.

Тайландын Засгийн газраас 439 дунд сургуулийг хааж, агаар цэвэршүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Жишээлбэл өдрийн цагаар хотын дээгүүр дрон нисгэж, усаар шүршиж, агаар чийгшүүлсэн байна. Гэвч энэ бүгд тус болсонгүй.

Сүүлийн өдрүүдэд багтраатай иргэн хурц бронхит, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурсан гэх асуудлаас болж эрчимт эмчилгээнд орсон байна. Ингэхдээ хоёр нүд нь улайж, цус хуржээ. “Би үхэж байна л гэж бодсон. Энэ бүгд агаарын бохирдлоос үүдэлтэй. Энэ асуудлаар ямар нэгэн юм хийх хэрэгтэй” хэмээн Кун Сонгсамут хэмээх өвчтөн ярьж байна.

Бангкокт байдал үнэхээр муу байгаа юм. Сүүлийн үед мал эмнэлгүүд ч агаарын бохирдлын улмаас өвчилсөн амьтдаар дүүрчээ. Pet&Aquatic мал эмнэлгийн эмч нарын баталж буйгаар саяхан хамраас нь цус гараад тогтохгүй болсон туулай хүртэл ирж эмчлүүлсэн гэнэ. “Жубу нэртэй туулай тоосны харшилтай бөгөөд сүүлийн үед тасралтгүй найтаах болсон байна. Бид түүний хамрыг микроскопоор үзээд салст давхарга нь улайж, үрэвссэн байхыг олж илрүүлсэн” хэмээн нэгэн эмч нь олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Жубугийн эзэн, малын эмч нарын үзсэнээр энэ бүгд агаарын бохирдолтой холбоотой гэнэ.

Тэр ч бүү хэл агаарын бохирдлын улмаас хоолой нь таг сөөж, бүтэн долоо хоног хуцаагүй пудель хүртэл иржээ. Уг нохойны цээжний зургийг автал уушги, улаан хоолой болон мөгөөрсөн хоолой нь нарийн ширхэгт тоосонцроор бүрхэгдэж, хоолойн хөвч нь халдвар авсны улмаас хуцаж чадахгүй болсон аж. “Би нохойгоо уг нь гадаа удаан авч явдаггүй юм. Тэгэхээр намайг цонхоо онгойлгохоор гэрт тоосонцор орж ирдэг гэсэн үг. Миний нохойн энэ түүх манай агаар ямар хүчтэй бохирдсоныг харуулах сургамж болно гэж бодож байна” гэжээ.

Дрон ашигласан тэмцэл ямар ч үр дүн авчраагүй тул Бангкок мужийн захирагч бараг бууж өгөх дээрээ тулж, нарийн ширхэгт тоосонцроос хотын агаараа хэрхэн цэвэрлэхийг мэдэж байгаа бүх хүнээс тусламж хүсэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Олон нийт ч асуудлаа шийдэхээс илүүтэй сургуулиа хааж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Харин хотын захиргаанаас агаарын бохирдолтой тэмцэхийн тулд үүл хуримтлуулж бороо оруулах, явган хүний замыг усаар шүрших, иргэдээ цагаан сараас өмнө ил гал гаргахгүй байхыг хүртэл уриалж байгаа аж. Хотоос Бангкок дотор дизель түлштэй машин явахыг хориглосон байна. Ингээд ил гал гаргасан, дизель түлштэй машинаар зорчсон иргэдийг гурван сар хорих ялаар шийтгэнэ гэжээ.

Тайландын Ерөнхий сайд, армийн командлагч Прают Чан-Оча Бангкокийн иргэдийг автомашинаа найз нөхөд, хөршүүдтэйгээ ээлжилж хэрэглэх, армиа 76 мужийн бүх үйлдвэрүүдийг шалгахыг уриалжээ.

Тус улсын ЭМЯ-наас иргэдийг шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, амарч, битүү өрөөнд дасгал хийхийг уриалжээ. Мөн явган зорчигч, нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийг маск зүүхийг уриалсан байна.

Эх сурвалж: fishki.net

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Бангкокийн иргэд утаанаас болж цусаар ханиаж байна

  1. Нэргүй 2019-02-11 07:48 at 07:48

    Бангкок харин аймаар бн гнээ халуун газар манайх шиг нүүрс түлнэ гэх биш үйлдвэр ихтэйн бхда бас машин мотоцикл ихтэй бх

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн