УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр (2019.01.29) хэн, юу гэж хэлсэн талаар дахин нэг сануулан танд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Аюурзана:
Энэ бол УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал биш, сүүлийн 20 гаруй жил бий болсон тогтолцоог үгүй хийх гэсэн оролдлого юм. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Оюутолгойг хувьдаа авах МАНАН-г гэх бүхэл бүтэн том системийг бий болгосон байна. Энэ системийг нураахын тулд 30 гишүүн нэгдсэн. Миний гэр оронд төхөөрөмж суурилуулсан байна. Би амьдрал ахуйгаа хөлс, хүчээрээ босгосон хүн учраас би айхгүй байна. УИХ-ын дараагийн даргын захирамжаар комисс ажиллуулж, шалгалт хийнэ. Хүсвэл та энэ комисст орж ажиллаж болно.
УИХ-ын дарга М.Энхболд:
О.Баасанхүү гишүүн надаас Монголын томоохон орд газруудын эзэмшилтэй холбоотой асуулт асуулаа. Тавантолгойн ордыг ашиглалтын асуудлаар тухайн үеийн засгийн газар шийдвэрүүдийг гаргаад явж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-д танилцуулахгүй шууд ажил болгох гэж байсныг болиулсан хүн нь би байна. УИХ-аар оруулах ёстой гэж үзсэн хүн нь би. Тавантолгойн орд газрын асуудлаар өнөөдрийн Засгийн газар бас 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргахыг би дэмжсэн. Оюутолгойн хувьд 2017 онд би Монголд хамгийн ашигтай гэрээний төсөл боловсруулж Засгийн газарт оруулсан ч одоог хүртэл хэлэлцээгүй. 2016 оны 06 сарын 25-ны өдөр би Эрдэнэтийн асуудлаар үүрэг чиглэл өгч, ажлын хэсэг байгуулсан боловч 2 ч Засгийн газар үүнийг хэлэлцэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийг ажиллуулж байна. Сүүлийн үед гарч байгаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал бол гүтгэлэг.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Дарга, цэрэг албан тушаал ярихаараа л ингэж идэвхитэй цуглах юм. энэ хугацаанд асар олон хариуцлагагүй байдал, асар олон асуудлууд УИХ-ын даргыг огцруулах асуудал доор дарагдаж байгаа. Олон хүүхэд ханиад томуунаас болж нас барлаа. УИХ-ын даргын асуудлыг шийдэхэд хуулинд нь өөрчлөлт оруулж байгаа юм байна. Цаашид УИХ-аас томилогддог албан тушаалууд дээр яг яах ёстой вэ? Хуулинд нь өөрчлөлт орж байгаа юу. Сөрөг үр дагавар гарах уу. УИХ-ын даргыг ингээд огцруулах асуудал цаашдаа байнга давтагдах вий.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр үндсэн хуулиндаа хуулиар зохицуулна. Хууль батлагдталаа нилээд шат дамжлага дамжиж байж гардаг. Олон талаас нь ярьж, долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар явж байна. АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Мөн УЕП болоод түүний орлогч нарыг ерөнхийлөгч санал болгож УИХ баталдаг. Энэ мэтчилэн олон асуудал энэ л замаараа явах байх гэж бодож байна. Би сүүлийн 26 жилийн турш УИХ-д байсан хүний хувьд хийх ёстой зүйлээ хийгээд явж байна. Ядахдаа давхар дээлийг хязгаарлах гэх мэт 4-5 зүйлд яагаад өөрчлөлт хийж болохгүй гэж бодсон. Сонгуулийн тухай нэмэлт хууль дээр ажлын хэсэг байгуулсан ч ажил нь сайн явахгүй байна. УИХ нь УИХ шиг, нам нь нам шиг байх хэрэгтэй байна. ТББХ өмнөх ажлаа хийгээд явж байгаа Төрийн албаны хуулийн хувьд бид ямар ч байсан гаргасан. Жижиг сажиг асуудал байхыг үгүйсгэхгүй. Дээд шатандаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Энэ төрийн хууль өөрчлөгдвөл бусад нь аяндаа зохицуулагдаад явна. Хоёр намын бүлэг бусад гишүүд нь оролцоод их хурал ямар байх ёстой тэр зарчмаар ажилламаар байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Цаашдаа олонхи болсон нам нь хуульд өөрчлөлт оруулж хүссэн албан тушаалтнаа зайлуулдаг ийм зарчмаар ажиллах юм уу. 60 тэрбумын сүлжээ, МАНАН-г нотлогдсон гэж үзэж байгаа бол МАН-ын гишүүд бүгдээрээ огцор. Ганцхан хүндээ 60 тэрбум, МАНАН-гаа овоолчихоод л суугаад байх юм. Та нар бүх шатандаа луйвар хийсэн гэдгээ нотолсон. Ерөнхий сайдаараа удирдуулаад ЖДҮ сангаас хэдэн арван тэрбумаар нь идсэн. 60 тэрбумын хэргийг сөхөж гаргаж ирээд ЖДҮ-ийн хэргийг замхруулсан. М.Энхболд дарга 60 тэрбумаар та өнөөдрийн 65 гишүүнийг гаргаж ирсэн байх. Бүгдээрээ тантай ярьж тохирсон хүмүүс мөн үү.
УИХ-ын дарга М.Энхболд:
УЕП-ын дарга өмнө нь 60 тэрбумын хэрэг бол хэрэг биш зүгээр яриа байсан гэж энэ танхимд хэлж байсан. Хууль хяналтын байгууллага нэг бус удаа шалгаж байсан. Одоо ч гэсэн шалгаж байгаа. Энэ шалгалтыг харин үнэн зөвөөр нь шалгаад олон нийтэд зарлах ёстой. Энэ 60 тэрбумын томилгоо, ургын модыг нь зураад, нээлттэй хийгээч би гэж хэлсэн. Энэ танхимд сууж байгаа 64 гишүүн бол миний гарын үсгийг зурж оруулж ирсэн хүмүүс мөн. Бид улс төрийн намын хувьд бүх зүйлүүдийг нь харж байгаад хүмүүсийг дэвшүүлсэн. Ямар нэгэн мөнгө авсан асуудал байхгүй. Тиймээс энэ асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Ханиад томуунаас болж олон хүүхэд эндлээ гэж Ё.Баатарбилэг гишүүн ярьж байна. Одоогийн байдлаар Н1N1 вирусээр хүүхэд эндсэн тохиолдол гараагүй байна. Өнөөдөр 20-30 жил улс төрд байгаа гэж гайхуулдаг хүмүүст хандаж хэлэхэд та нар хүүхдүүддээ хүрэлцээтэй эмнэлэг барьчихгүй яасан юм бэ. Олон эмч нар 24 цаг цурам хийлгүй ажиллаж байж энэ өвчнийг цурманд оруулсан. Гэтэл тэрийг олон хүүхэд нас барсан гэх хариуцлагагүй мэдэгдлийг хийж байгаа нь ёс зүйгүй асуудал. Тиймээсэрүүл мэндийн асуудлыг, хүүхдүүдийг энэ бохир улстөрдөө бүү оруул гэж хэлмээр байна. Ё.Баатарбилэг гишүүн энэ хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлалт гуй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Өнөөдөр М.Энхболдыг огцруулаад бүх зүйл сайхан болчихно гэж байхгүй. Эрдэнэтийн 51 хувийн луйвар юу болж байна. Энэ асуудлыг өнөөдөр их хурлаас ажлын хэсэг гаргаад шалгая. Өнөөдөр нийгэмд юу болж байна, долларын ханш талийлаа. Засгийн газар одоо ажлаа хийгээч. Хүсээд байгаа их хурлын даргаа солилоо. Тэгээд одоо ажлаа хий. Шударга ёсоо тогтоо. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Засгийн газар цалин тэтгэвэр нэмлээ л гэж ярийд байх юм. Энэ нэмэлтийг чинь инфляци залгиад байна. Худлаа сүржин яриа, хий хоосон амлалтаар ажил хийх юм. Манай ерөнхий сайд гуравхан ажил ярьдаг. Энэ гурван ажил нь гурвуулаа эхлээгүй. 2016 оноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн нэг нь ч биелээгүй. Намын гацаагаа улс төрийн гацаа болгоод явж байгаа чинь болохгүй. УИХ-аа тараая. Монголын ард түмэндээ дүнгээ тавиулъя. Ийм чадамжгүй УИХ тарах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
Цагийн дараа М.Энхболд гэдэг хүн даргын суудлаа өгөх байх. Харин эрх барьж байгаа нам ажлаа хэрхэн хийх вэ, амлалтаа биелүүлэх, хэрүүл тэмцлээ зогсоох цаг болсон гэж бодож байна. 60 тэрбумын асуудлыг ярьсаар байгаад М.Энхболд даргыг огцруулж байна. Эрх барьж байгаа нам үнэхээр 60 тэрбумыг буруутгаж байгаа гэж, үнэн гэж ойлгож байгаа бол энд байгаа 65 гишүүн, төрийн албанд зүтгэж буй хүмүүс энэ хэрэгт хамааралтай болно. Дараагийн УИХ-ын даргад нэр дэвших хүн МАНАН-гийн хүн биш байх ёстой. Би МАНАН-г хамтарсан АН, МАН Засгийн газар байгуулалцсан хүмүүсийг гэж боддог. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үнэхээр шударга бус зүйл газар аваад байсан юм бол тухайн үед нь таслан зогсоохгүй яасан юм. Цаашид буруу жишигтэй хууль санаачилж, төрийн босгыг намасгасан иймэрхүү ажлыг зогсоох хэрэгтэй. Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж ажиллах цаг нь болсон.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
Ерөнхийлөгчийг ажлаа авснаас хойш оруулж ирсэн хуулийг анх удаа хэлэлцэж байна. баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ хүнийг л зайлуулчихвал Монгол улс сайхан болно гэж үзээд байх юм. Харж л сууя. Яасан ховхорч, ханзарч болдоггүй суудал вэ. Сандал суудлын асуудлыг УИХ нь бүтэн 3 сар ярилаа. ТББХ-ны хурлыг харлаа. Зах дээр аз, од гэдэг тоглоом шиг л харагдлаа. Миний харж байгаагаар УИХ-ын дарга чинь зүгээр л нэвтрүүлэгч ш дээ. 10 жилийн хүүхдүүд ангийнхаа даргаар хамгийн сайн, шударга хүнээ тавьдаг. Тэрнээс долоон дор юм болох вий. Энэ хүн Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр задарсан бичлэг дээр энэ хүн Монголын ард түмэнд хандаж үгээ хэл гэсэн чинь цээжилж байгаад хэлье гэсэн. Энэ хүн яагаад Монголын ард түмний төлөө зүрх сэтгэлээсээ гарсан үгийг хэлж болдоггүй юм бэ. Тэр үеэр нэг хүүхэн бас Монголчуудыг цагаан цаас та юу ч гэж ярьж болно гэж хэлж байсан. Тэр хүүхнийг бас ил болгох хэрэгтэй.
Эх сурвалж: arslan.mn
1 comment
ayurzanaa yaj uuriinhuu hucheer terbumiin bair avah u aan hudalch novsh