Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна. Урьдчилсан мэдээгээр битүүнд өдөртөө -13 градус, шинийн нэгэнд өдөртөө -18 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 2-ны бямба гарагт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-ны ням гарагт говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-н буюу шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2, 5-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
4-н буюу битүүний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.