ЗХУ-ын томоохон албан тушаалтнууд, эмч нар 30 жилийн өмнө Чернобылийн дэлбэрэлтийн бодит үр дагаврын талаар ард иргэдээсээ юу нуусан бол.
Өдгөө энэ бүсэд ямар үйл явдал болж байна вэ. Чернобыль барууныхны цөмийн хог хаягдлаа булшилдаг газар болох уу.
Сансраас авсан саяхны нэгэн зураг дээр Чернобыльд байсан цэргийн машин, техникүүд бүгд алга болжээ. Тэгэхээр үхлийн аюултай цацраг идэвхт бодистой танк, хуягтуудыг Украины армийн дайчид хөлөглөж байна гэсэн үг үү. “Звезды”-гийн сэтгүүлчид энэ сэдвийг хөндсөн байна.
Хүмүүсээс үнэнийг нуужээ
ЗХУ-ын Ардын депутат асан Алла Ярошинская эдгээр он жилүүдэд Чернобыльтэй холбоотой нэлээд хэдэн нууц баримтуудыг хадгалсаар байна. Тэрбээр “Энэ осолд маш олон хүн өртөж, амиа алдацгаасан. Уг нь бодит үнэнийг мэдсэн сэн бол өчнөөн хүн амьд гарч чадах байлаа.
Хүмүүс ослын үеэр энэ бүсээс шууд гарч явж болох байсан ч үүнийг зөвшөөрөөгүй. Үнэнийг тараачихна гэсэндээ гаргахгүй байсан хэрэг” хэмээжээ. Ярошинская Дээд зөвлөлийн архиваас эдгээр баримтаа хулгайлсан бөгөөд хэдэн арван мянган доллараар худалдан авъя гэхэд нь хүртэл зөвшөөрөөгүй аж.
Эдгээр баримт дотор Украины ЭМЯ, ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны нууц баримт бий. Эндээс харахад ослын дараа хүний биед цацрагийн туяа 10-50 дахин их байсан тухай дурджээ. Энэ талаар тухайн үедээ хэн ч ам нээгээгүй бөгөөд хүмүүсийг гэр гэрт нь тарааж, ямар аюулт өвчин тээж байгааг нь ч нуусан байна. Хүмүүс ч аймшигт хордлогод орсон тухайгаа огт ажиг сэжиг авалгүй үлджээ. Тэр ч бүү хэл хүний биеийн хэвийн температур 36.6 байх ёстой байхад 39 хүрэхэд хэвийн гээд ажиг ч үгүй сууцгааж байжээ.
Чернобылийн цацрагт 17 орон өртсөн
Осол хэр их газар нутгийг хамарсан талаар зөвхөн ЗХУ төдийгүй дэлхийн олон орон дуугараагүй юм. Гэхдээ Чернобылийн цацраг идэвхт үүл хэрхэн тархсан тухай судалгааг Францын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хүрээлэнгийнхэн судалж үзжээ.
Судалгаагаар халдварын бүсэд Францын Альп, Герман хүртэл орсон байна. Одоо ч гэсэн халдвар тархсаар байгаа бөгөөд нийтдээ 17 орон өртжээ. Биологийн ухааны доктор Алексей Яблоков “Чернобылийн цацраг идэвхт туяа дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст тархсан. Тэгэхээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд цацрагийн доод тал нь тал хувийг авсан гэсэн үг” гэж мэдэгджээ. Харин Алла Ярошинская “Тэр ч бүү хэл радионуклоид Африкт ч илэрсэн. Үүнийг баримтаар нотолно. Бас Москвад ч бий” гэжээ.
Цацраг тархсан тухай хамгийн эхний цохилтыг Скандинаваас өгсөн юм. Норвеги л гэхэд 30 жилийн турш Чернобылийн ослын үр дагаврыг амсаж байна. Эндхийн бугын махыг шинжлэхэд цацраг идэвхтэй гардаг аж. Норвегийн эрдэмтэн Лавранс Скутеруд энэ тухай “Чернобылийн осол манай хүн амд үнэхээр заналхийлж байна. Цацраг идэвхт хур тунадас Швед, Норвегийн олон бүсэд орсноос болж бугын аж ахуй эрхлэгчид бугын махаа зарж чадахгүйд хүрч, худалдахыг хориглосон барааны нэг болсон” хэмээжээ. Тэгэхээр уг ослын үр дагавар дэлхийн хойд хагаст тархсан юм бол Чернобыль өөрөө ямар аюултай байх нь ойлгомжтой.
Хаяад явсан техникүүд алга болжээ
Припять хотынхныг ослын дараа нэг л өдрийн дотор нүүлгэн шилжүүлсэн бөгөөд удахгүй эргээд авчирна гэцгээж байв. Осол гарснаас хойших эхний саруудад цацраг идэвхт бодист өртсөн эд зүйлсийг булж, устгалд оруулж байлаа. Гэхдээ саяхнаас эндхийн төмөр эдлэлүүдийг бөөгнүүлж, ой модыг тайрч, бэлтгэж эхэлсэн тухай нууц бичлэг байдаг.
Эдгээрийг тайрч, хөрөөдөж, жижиглээд металл авах цэгт тушаасан, гал болгон түлсэн байж ч болзошгүй. Тиймээс цацрагаар бохирлогдсон эд зүйлсийг дахин боловсруулж, тараасан байхыг хэн ч мэдэхгүй. Хамгийн гол нь энд ослын үр дагаврыг арилгахаар ажиллуулж байсан цэргийн машин техникүүд алга болжээ.
Энд хэдэн зуун танк, нисдэг тэрэг, машины бүхэл бүтэн парк байсан юм. Устгалд оруулагчдын нислэгийн группын удирдагч Николай Антошкин “Эдгээрийг дараа нь бүгдийг нь хаясан. Хэчнээн ажиллах хүчин чадалтай ч гэлээ цацрагаар халдварлагдсан шүү дээ” гэж мэдэгджээ. Өмнө нь хаяад явсан техникүүдтэй талбай өнөөдөр хоосон болсон аж. Эдгээр цэргийн техник хаачив.
Донбасс руу аваачсан төдийгүй хилийн чанадад худалдаалжээ. Сурвалжлах хэсгийнхэн хамгаалалттай бүсэд үлдсэн техникүүдэд шалгалт хийхэд өдгөө цацрагийн түвшин 100-500 мкР/цаг буюу харьцангуй өндөр хэвээр байна. Машинууд одоо ч гэсэн халдвартай хэвээр байгаа юм бол 30 жилийн өмнө хотын эд зүйлсийг устгалд оруулж, дэлхий ертөнцийг цацрагаас хамгаалах тушаал авсан хүмүүс хэр их халдвар авсан нь ойлгомжтой.
Николай Антошкин “Эрчим хүчний блокноос дээш 200 метр өндөр агаарын температур 120-200 хэмд хүрч халж байсан. Ийм халуунд нисдэг тэргүүдээр элстэй шуудай хаяж байсан” хэмээжээ. Халуунаас болж нисдэг тэрэг нь эвдэрч, сүйрэх нь энүүхэнд. Яг ийм осол гарч, дотор нь байсан дөрвөн хүн цацрагт идэвхт бодис алдагдсан реактороос гуравхан метрийн зайд унаж, амьдаараа шатсан. Устгал хийгчдийн ярьж буйгаар тэднийг яг л фронтод дайчилж байгаа юм шиг явуулсан гэнэ.
Хүний хүчин зүйлээс болж осол гараагүй
ЗХУ зөвхөн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн хор хохирол, үр дагаврыг нуугаад зогсохгүй осол гарсан шалтгааныг ч таг дараад өнгөрчээ. Тухайн үед ашиглалтын дүрэм журам зөрчсөн гэх шалтгаанаар захирал, зарим албан тушаалтныг буруутгасан ч өөр нэг хүчин зүйлээс болж осол үүсчээ. Улсын аюулгүйн хорооныхон тэртээ 1979 онд “Чернобылийн атомын цахилгаан станцын барилгын ажилд үүссэн дутагдалтай талууд” гэсэн баримт гаргаж байжээ.
Уг баримтад “Барилгын ажил, төслийн хооронд зөрүү их. Барилга, монтажны ажлын технологи зөрчсөн, үүний улмаас осол, золгүй тохиолдол гарч болзошгүй” гэж тэмдэглэжээ. Тэгэхээр хүний хүчин зүйл гэхээс илүү барилга, техникийн бүрэн бус байдлаас осол гарсан байх өндөр магадлалтай.
Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 онд хамгийн том осол гарахаас өмнө жижиг хэмжээний 104 осол гарч байжээ. Үүнээс ердөө 35 нь л хүний хүчин зүйлээс, үлдсэн нь барилгын ажлын алдаа дутагдлаас болсон аж.
Өнөөдөр дэлхий дахин цөмийн хог хаягдал булшлах асуудалд хамаг хүчээ дайчилж байна. Тиймээс энэ бүсийг олон улсын цөмийн хаягдлын агуулах болгох уу. Европ болон АНУ-аас цөмийн түлшний хог хаягдлаа энд авчирч булшлах уу гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.