Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдав.
Энэхүү уулзалтаар хоёр орны салбар бүрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд ялангуяа хоёр орны дипломат харилцааны түвшинг ахиулах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбар дахь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хоёр талын төр, засаг харилцан анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Францад туршлага судлуулах айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.
Зөвлөлдөх уулзалтаар талуудын хөндсөн нэг чухал сэдэв нь Улаанбаатар хотын утаатай тэмцэх болон замын түгжрэлийг бууруулахад Франц Улсаас техникийн болон санхүүгийн дэмжлэг авах асуудал байлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хэмжээнд идэвхтэй ажиллаж буй Франц Улсын хувьд нийслэл хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлд ч францын талаас тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг мэдээлсэн юм. Хоёр орны Элчин сайд нар эдгээр саналуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тохиров.
Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголд ирэх франц жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг Францад сурталчлах, үүнтэй холбоотойгоор тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар тогтлоо.
Эх сурвалж: ГХЯ
1 comment
uuriinhee utaag chadakhguu baaj. manaa utaag arilgan gej yu bn PARIS bol nul utaa ,,,ene bas neg utaan deer ajillakh gesen neg arga,parist turshaad bolooguu yumaa manaad shakhakh gej bn..ANKHAAR -bi end baadag uchraas medne.