Английн нэрт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн Стратфорд дахь Холи Тринитийн сүмд байруулсан булшийг судалсан эрдэмтэд түүний гавлын ясыг хулгайлсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааг Уильям Шекспирийн нас барсны 400 жилийн ойд зориулан хийсэн байна.
Энэхүү нээлт нь Английн хэвлэлд 1879 онд онд гарсан “Эрдэнэс хайгчид 1794 онд Шекспирийн гавлыг тийм ч гүн биш ухаж байрлуулсан булшнаас хулгайлсан” гэсэн мэдээллийг баталж буй юм. Судлаачид Холи Тринитийн сүмд орших бунхныг хөрсний давхаргыг нэвтэлж харах радарын тусламжтайгаар ажигласан байна. Энэ бол Шекспирийн бунханд хийсэн археологийн анхны судалгаа бөгөөд бунхныг гэмтээлгүйгээр доторхийг нь ажиглах боломжтой шалгарсан арга юм.
Геофизикч Эрика Утситэй хамт судалгаа явуулсан Стаффордширийн их сургуулийн археологич Кевин Коллс “Бидэнд огт хөндөөгүй гэх Шекспирийн бунхан байна. Бас түүхэн аль нэг цаг үед хэн нэгэн ирээд Шекспирийн гавлын ясыг авсан гэх таамаг түүх бий.
Миний хувьд Холи Тринитийн сүмд гавлын яс байхгүй гэсэн дүгнэлт маш үнэмшилтэй сонсогдож байна” гэж мэдэгджээ. Түүнийг оршуулсан газар олон жилийн турш түүхчид, археологичдын маргааны гол сэдэв болж байсан юм. Учир нь түүний бунхан насанд хүрсэн эрэгтэй хүнийх гэхээргүй хэтэрхий жижигхэн байв. Бунхны тавцан дээр “Найз минь, бурхны нэрийг бодож хөрст газар хүлээж авсан үлдэгдлийг битгий ухаарай. Хэдэн зуунаар хөндөлгүй амгалан байг. Харин хөндвөл хараал хүрэг” гэсэн утгатай мөртүүд бичээстэй байдаг аж.
Судлаачдын гаргасан дүгнэлт
-Бунхны толгойн хэсэгт засвар хийсэн шинж тэмдэг байна. Таамаглал ёсоор өмнө нь ухсанаас үүдэлтэйгээр шал нь сууж, түүнийг засах зорилгоор засвар хийжээ.
-Уг засварын ажил нь 1879 онд “Argosy” сэтгүүлд гарсан Шекспирийн гавлын ясыг гүн бус булшнаас хулгайлсан гэх яриаг баталж байна.
-Судалгаагаар яруу найрагч, түүний гэргий Анна Хэтэуэй болон төрөл төрөгсөд нь өмнө нь үзэж байсанчлан том, гүн гэр бүлийн бунханд нойрсоогүй. Харин сүмийн шалны доор, гүн биш нүхэнд оршиж байна.
-Шекспир болон түүний гэргийн шарил метр хүрэхгүй гүн нүхэнд оршуулагджээ. Ингэхдээ түүний шарил дээрх чулуунаасаа харьцангуй урт бөгөөд баруун тал руугаа үргэлжилсэн байна. Энэ нь бунхны хэмжээг гэр бүлийн бусад гишүүдийн шарилтай адил хэмжээтэй болгожээ.
-Радараар шарилаас ямар ч металл олоогүй. Жишээлбэл авсны хадаасны ч ул мөр байхгүйгээс үзэхэд Шекспир болон түүний төрөл төрөгсдийг алдарт зохиолч, яруу найрагчийг тусгайлсан авсанд хийгээгүй ба бөс даавуунд ороогоод, газар булсан гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Судлаачид мөн Шекспирийн гавлын яс хадгалаастай байгаа гэсэн домог яриа бүхий Вустершир гүнлэгийн Гэгээн Леонардын сүмд шинжилгээ хийжээ. Гэтэл энд байдаг гавлын яс нь 70 гаруй насандаа өөд болсон эмэгтэй хүнийх болох нь батлагдсан байна. Кевин Коллс “Уильям Шекспирийн шарилыг судлах зөвшөөрөл авсан анхны эрдэмтэд болсон нь нэр төрийн хэрэг.
Ийм төсөлд оролцсоноор юутай ч тулгарахыг үгүйсгэхгүй. Бардын шарилын тухай хоорондоо авцалдаагүй олон домог яриа байдаг.
Харин орчин үеийн тоног төхөөрөмж ашигласан багийнхан маань гайхалтай үр дүнд хүрлээ. Энэ үр дүн ойрын жилүүдэд олон маргаан дэгдээж, үүнийг дагаад эрдэмтэд эсрэг тэсрэг онол гаргах биз. Одоо ч энэ олдворын талаар бодож буй миний бие арзасхийж байна” гэжээ.
Харин Холи Тринитийн сүмийн ширээт лам Патрик Тейлор гавлын яс хулгайлагдсан талаарх баримтад итгэхгүй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Бид Шекспирийн битгий хөндөөрэй гэсэн гэрээслэлийн дагуу цаашид ч бунхны халдашгүй ариун байдалд санаа тавих болно. Бид бунхны чулуун доор яг юу байгааг мэдэлгүй, нууцаа тээгээд амьдрах ёстой” гэжээ.