Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн жолоодох эрхийн шалгалтыг туршилтын журмаар цахимаар авч эхэлсэн байдаг. Тэгвэл энэ ондоо багтаагаад улсын хэмжээнд цахимаар шалгалт авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн иргэд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд өөрийн биеэр очиж жолоочийн үнэмлэх захиалж, иргэдийн материалыг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэвлэдэг ба орон нутгийн иргэд тухайн газрынхаа Цагдаагийн байгууллагаар дамжуулан захиалдаг байна. Шуудангаар дамжин хүргэгддэг учраас үнэмлэх нь хэвлэгдээд иргэнд очиход 15-20 хоног шаардагддаг аж.
Нийслэлийнхний хувьд Бүртгэл, хяналтын төв, Монгол шуудан компанитай хамтран жолоочийн үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж байгаа бол дараагийн шатанд орон нутгийн иргэдийн үнэмлэх захиалах материалыг “Монгол шуудан” ХК-ийн салбаруудаар дамжуулан авах талаар ярьж байгаа гэнэ.
Ийнхүү төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, 2019 онд багтаан цахимаар жолоочийн үнэмлэх захиалах, нөхөн олгох ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэхээр болжээ.