АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн Мичиган мужийн Детройт хотноо болж өндөрлөжээ. Тус тэмцээний эмэгтэй уран гулгалтын төрөлд 13 настай Алиса Люү түрүүлсэн юм. Ингэснээр тэрээр АНУ-ын эмэгтэй уран гулгалтын хамгийн залуу аварга болж, түүхэнд өөрийгөө мөнхөлжээ. Тэрээр чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр хоёр ч удаа гурвалсан аксель үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн Америкийн эмэгтэй уран гулгалтын анхны тамирчин болжээ. Мөн богино үзүүлбэрийнхээ үеэр ахин нэг удаа гурвалсан аксель үсрэлтийг амжилттай хийсэн байна. Хамгийн сүүлд 2005 онд тус тэмцээний үеэр Америкийн эмэгтэй уран гулгагч Кимми Мэйснер уг үсрэлтийг амжилттай хийж байжээ.
Америкийн эмэгтэй уран гулгалтын домог Тара Липински 1997 онд 14 настайдаа тус тэмцээнд түрүүлснээр өмнөх амжилтыг эзэмшиж байсан байна. Харин 13 настай Алиса Люүг үзүүлбэрээ үзүүлж байх үед тэрээр цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч хийж байсан бөгөөд түүгээр маш их бахархаж байгаагаа хэлсэн байна. Шагнал гардуулах ёслолын үеэр Алиша Люү алтан медалиа аавдаа зүүж өгсөн бөгөөд түүнээс шалтгааныг нь асуухад “Аав минь энэ шагналыг авах бүрэн эрхтэй.
Намайг энэ амжилтыг үзүүлэхэд аав минь хамгийн их хувь нэмэр оруулсан. Тэр өдөр бүр өөрийн ажлыг хойш тавин намайг бэлтгэлд хүргэж өгдөг байсан” гэжээ. Алиса Люү олон улсын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөхөд хэтэрхий нас залуу байгаа аж. Түүнийг 2022 оны Бээжингийн өвлийн Олимпт амжилттай оролцож, АНУ-ын олон жил авч чадаагүй байгаа Олимпын алтан медалийг авах бүрэн чадвартай тамирчин гэж онцолж байгаа юм.
Эх сурвалж: Time