Хойд туйлын хүйтэн агаарын урсгал АНУ-ыг нөмрөөд байна. Лхагва гаригт агаарын температур цельсийн хасах 21-40 хэм хүрч хүйтэрч, тус улсын түүхэнд тохиогоогүй их хүйтэн өвөл болж байна.
Үүний улмаас сургууль, албан байгууллагууд хаагдаж, шуудангийн үйлчилгээг түр зогсож, Линкольны амьтны хүрээлэн, Урлагийн сургууль, Филдийн музей лхагва гаригт ажилласангүй. Иллинойс, Висконсин, Мичиган зэрэг мужийн эрх баригчид онц байдал зарлажээ.
“Брүүкфилд” амьтны хүрээлэн 85 жилийн дараа анх удаагаа хаалгаа барьж, АНУ даяар өнөөдрийн байдлаар 1100 гаруй нислэгийг цуцлагдаад байна. Их цасны улмаас тус улсад мягмар гаригт дөрвөн хүн амиа алдаж, олон зуун өрхийн цахилгаан, дулаан доголдож, хөлдөж үхэх эрсдэл нүүрлэсэн гэж албаныхан мэдэгджээ.
Зарим мужид 30 см хүртэл цас орсон байна. Тус улсын эрх баригчдын мэдээлж буйгаар 55 сая орчим иргэнд тусламж хэрэгтэй байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн мужууд руу аврагчдыг илгээжээ.
АНУ-ын баруун хэсгийн төвийн бүс нутгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэд, орон гэргүй хүмүүс, ахмадууд, орон сууцны оршин суугчдыг хүйтнээс хамгаалах ажлууд хийгдэж буй юм байна. Орон гэргүй хүмүүсийг дулаан байлгах үүднээс автобусанд хүртэл байрлуулжээ. Энэ долоо хоногийн төгсгөлд Чикаго хотын захаар Антарктидын зарим хэсгээс ч илүү хүйтрэх тул цаг уурчид иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.