АШУҮИС эмнэлгийн барилгаа ирэх сард ашиглалтад хүлээн авах гэж байна. Тус сургууль Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд их сургуулийн эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраар гаргуулж, хөрөнгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдүүлсэн юм.
Их сургуулийн эмнэлэг амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24 кабинет, оношилгооны найман кабинеттай. АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 гаруй оюутан, 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломж бүрдэж буй.
Мөн Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Жилд дунджаар 11 мянга гаруй хүнд дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрөлжсөн мэргэжлээр хэвтүүлэн эмчилгээ хийх аж.