Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өмнөд Солонгосын хүчирхийлэлд өртсөн тамирчид ярьж байна – updown.mn

Өмнөд Солонгосын хүчирхийлэлд өртсөн тамирчид ярьж байна

Өмнөд Солонгост элит түвшинд үнэлэгддэг тэшүүрийн спорт тамирчин бүсгүйчүүдийнх нь дасгалжуулагчдынхаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай дуулианаас болж нэр хүнд нь унаад байна. Энэ төрлийн спортоор дэлхийд тэргүүлэгч, Олимпоос 24 алтан медаль авч байсан тус улсын хувьд энэ нь  тун ноцтой үйл явдал юм. Спортын холбоодууд ч үүнтэй холбогдуулан ийм төрлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан эсэхийг шалгахаа мэдэгдээд байна.

Таван тэшүүрчин мэдүүлгээ өгчээ

Хамгийн сүүлийн үеийн байдлаар нэрээ нууцалсан таван гулгагч бүсгүй дасгалжуулагчдынхаа хүчирхийллийн асуудлыг дэлгэсэн байна. Нэг тамирчин дасгалжуулагч нь түүнийг хүчээр үнссэн, дараа нь түүнийг эсэргүүцэхэд доромжилсон гэжээ.

“Залуу тэшүүрчдийн эв нэгдэл” (SYS) хэмээн группыг төлөөлсөн эмэгтэйчүүд Өмнөд Солонгост хэвлэлийн бага хурал хийж, өөрсдөд нь тохиолдсон явдлуудаа дэлгэжээ. Дасгалжуулагчдыг нь дэмждэг хүмүүсийн зүгээс тэдэн рүү өс хонзон санаж, халдах вий гэж эмээсэндээ эдгээр тамирчид нэрээ нууцалсан байна. Тэд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, тэшүүрийн спортоор улсдаа нэлээд нэр хүндтэй Жун Мён Кюг эдгээр хэргийн нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж, мөрдлөг шалгалт явуулахыг шаарджээ.

Харин Жун энэ талаар мэдэж байгаагүй гэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. SYS группынхэн ч Засгийн газраас энэ асуудлаар бүх тамирчнаас байцаалт авч, Өмнөд Солонгосын спортын холбоодын түүхэн дэх бэлгийн хүчирхийллийг ор мөргүй арилгахыг уриалжээ.

Энэ бүгд хэрхэн эхлэв

Энэ бүгд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхэлсэн. Тухайн үед шорт трекийн Олимпийн алтан медальт Шим Сук-хи хуучин дасгалжуулагчаа өсвөр насанд нь хэд хэдэн удаа зодож тамлаж байсан гэжээ. Ингээд есдүгээр сард түүний хуучин дасгалжуулагч Чо Жэ-Бом тамирчин Шим болон бусад тамирчдыг зоддог, хүчирхийлдэг байсан хэргээр ял сонссон байна.

Олимпийн аварга дасгалжуулагчаа долоон настайгаас нь зодож эхэлсэн бөгөөд хоккейн цохиураар хурууг нь хүртэл хугалж байсан гэжээ. “Тэр намайг маш харгис зоддог байсан. Ялангуяа толгой руу маш хүчтэй цохино. Нэг удаа би “Энд л үхэх нь дээ” гэж бодож байсан” хэмээн шүүх хуралдааны үеэр мэдэгджээ.

Өөр тамирчид ч энэ асуудлаар нэгдэж, есдүгээр сард Чо-д Шим болон бусад гурван тэшүүрчнийг зодсон хэргээр 10 сарын хорих ял оноосон байна. Харин өнгөрсөн сараас 21 настай тамирчин Чо дасгалжуулагчийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгаж, мэдүүлэг өгчээ.

Түүний хэлснээр 2014 онд түүнийг оюутан байхад бэлгийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн бөгөөд Пёнчаны Олимпийн наадам хүртэл үргэлжилсэн гэжээ. Харин Чо дасгалжуулагчийн өмгөөлөгч үүнийг үгүйсгэсэн байна. Ийнхүү бэлгийн хүчирхийлэлд буруутгасны дараа Өмнөд Солонгост 250 мянга орчим хүн Чо-гийн ялын хугацааг сунгахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зуржээ.

Тэшүүрийн спортоор хязгаарлагдахгүй

Гэхдээ энэ асуудал зөвхөн тэшүүрийн спортоор хязгаарлагдахгүй.

Теннисийн од асан Ким Юн Хи өнгөрсөн онд теннисийн дасгалжуулагч нь 10 настайгаас нь хойш бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгджээ. Тэрбээр энэ асуудлаар саяхныг болтол дуугүй явсан боловч залуу теннисчдийг дасгалжуулсаар байгааг нь мэдээд удаан тэвчиж чадаагүй байна. Ким түүний эсрэг эрүүгийн гомдол гаргаж, аравдугаар сард түүнийг хүчирхийлж гэмтээсэн гэж үзээд 10 жилийн хорих ял оноосон юм.

Жүдогийн тамирчин асан Шин Юн-ён түүнчлэн дунд сургуулийн дасгалжуулагчаа дөрвөн жилийн турш хүчирхийлж байсан гэж буруутгажээ. Харин дасгалжуулагч нь үүнийг үгүйсгэж, түүнтэй хайр дурлалын харилцаатай байсан гэж мэдэгдсэн байна. Солонгосын жүдогийн холбооноос дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг бүх насаар нь хориглосон бөгөөд түүний буруутай нь тогтоогдох эсэхээс үл хамааран насанд хүрээгүй хүүхэдтэй дотно харилцаа үүсгэх нь зохисгүй гэжээ.

Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний хорооноос мягмар гарагт тамирчидтай холбоотой энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсноо зарласан байна.

Жүдогийн тамирчин бүсгүйн өчил

Олимпийн хошой аварга, шорт-трекийн тамирчин Шим Сук-хи дасгалжуулагчийнхаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай үнэнийг дэлгэж, зүрх зориг гаргасныг үнэлж, өөрт тохиолдсон явдлаа ярьсан өөр нэгэн төрлийн спортын тамирчин бүсгүй хэлсэн үгийг хүргэе.

Жүдогийн спортын тамирчин асан Шин Юн-ён таван настайгаасаа эхлэн энэ спортоор хичээллэжээ. Эцэг нь “Та нар өөрийн биеийг хамгаалах чадалтай байх ёстой” хэмээн түүнийг энэ спортод оруулсан байна. Охин өдөр бүр жүдогоор хичээллэж, удалгүй сайн барилддаг болжээ. Бага сургуулийн тэмцээнд оролцож эхэлсэн тэрбээр энэ сургуулиас дасгалжуулагч Г-тэй анх учирсан байна.

Шин Юн-ёны спортын авьяас үнэхээр сайн байсан тул Young Sun High School-ын үндэсний багийн нөөц тамирчнаар сонгогдсон байна. Харин Г дасгалжуулагч охинд илүү хатуу ханддаг байв. Хэрвээ та охиныг муу барилдвал бөгс, гуя руу ус дамжуулагч шар хоолойгоор зодно. Спортын факультетийн өөр сурагчид энэхүү хоолойг “дайкон” гэж нэрлэдэг байв. Тэр ч бүү хэл сургуулийн нийтийн байрнаасаа зөвшөөрөл аваад гэртээ харих, ээжтэйгээ хамт халуун усанд орохыг ч хориглодог байлаа.

2011 онд тэрбээр дунд сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байхдаа дасгалжуулагчийн байрны цэвэрлэгээг хариуцдаг байв. Тэр зун дасгалжуулагч Г Шин Юн-ёныг байрандаа дуудахад бас л цэвэрлэгээ хийлгэх нь дээ гэж бодсон аж. Гэвч тэр өдөр дасгалжуулагч түүнийг бузарлаж орхижээ. Ийнхүү бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээсээ хойш дасгалжуулагч нь “Чи одоо дөнгөж медаль авч эхэлж байна. Хэрвээ энэ талаар хэн нэгэнд хэлбэл хоёулангийнх нь жүдогийн спорт дуусна шүү. Би Солонгосыг орхихоос өөр аргагүй болно. Бид Хан мөрөнд орохоос өөр аргагүй болно” гэж гэжээ.

Ингээд л хөөрхий Шин Юн-ёнд амаа хамхиад дуугүй байхаас өөр сонголт үлдсэнгүй. Тэрбээр “Хэрвээ хэн нэгэнд юу болсныг хэлчих юм бол яг л “Би жүдогийн ертөнцийг орхихоос өөр аргагүй болчихлоо” гэсэнтэй адилхан болно. Гэтэл надад байгаа бүхэн минь жүдо шүү дээ. Тэгэхээр дуугүй байхаас өөр аргаүй” хэмээжээ. Ингээд дуугүй үлдсэнийг нь далимдуулан Г дасгалжуулагч байнга түүн рүү утасдаж, ойр ойрхон хүчирхийлдэг болжээ. 2015 онд дунд сургуулиа төгсөх хүртэл 20-иод удаа хүчирхийлэлд өртсөн гэнэ.

2011 оны 12 дугаар сард Шин Юн-ёны бие өвдөж, жүдогийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байна. Энэ үед Г дасгалжуулагч сарын тэмдэг нь ирсэн үү гэж асууж, сургуульдаа ирэхэд нь жирэмсний хоёр ширхэг тест өгсөн байна. Харин тестээр жирэмсэн биш гэж гарахад дараа сард нь (2012 оны нэгдүгээр сар) Г дасгалжуулагч эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү дагуулан явж, ЭХО-д үзүүлжээ.

Шин Юн-ён 2015 онд Сөүлд шилжиж ирснээр дасгалжуулагч Г-тэй харьцах шаардлагагүй болжээ. Тэр дасгалжуулагчийнхаа дуудлага, мессэжийг ч авахаа байсан аж. Мессэжээр дасгалжуулагч нь болсон явдлын талаар хэнд ч хэлэхгүй байхыг захиж байсан гэнэ. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн дасгалжуулагч Г түүнтэй дахин холбогдож эхэлсэн байна. Г дасгалжуулагчийн эхнэр, өмнө нь жүдогийн тамирчин байсан бүсгүй Шин Юн-ёны талаар танилаасаа сонсоод нөхрөө хардаж эхэлжээ. Үүнээс болж дасгалжуулагч Г “Би чамаас гуйж байна.

Надад одоо 500 000 вон л байна. Үүнийг би чам руу явуулъя. Энэ мөнгийг аваад дуугүй байж чадах уу. Эхнэрт маань үгүй л гэж хэлээрэй. Чиний хийх юм бол манай эхнэр тийм юм болоогүй гэж хэлэх” гэжээ. Дараа нь тэр “Би нүглээ далдлахыг оролдохгүй ээ. Чи миний шавь, насанд хүрээгүй хүүхэд. Гэхдээ чи надад таалагддаг байсан. Би энэ бүгдийн төлөө чамаас уучлалт гуйж байна” гэж мэдэгджээ. Шин Юн-ён хариуд нь “Та буруу бодож байгаа юм биш үү. Би хэзээ ч ийм зүйл хийгээгүй. Надад үнэхээр аймшигтай, өвдөж байсан болохоор уйлдаг байсныг санаж байгаа биз дээ” гэжээ.

Шин Юн-ён дасгалжуулагч Г чин сэтгэлээсээ уучлалт гуйхгүй, мөнгөөр аргалах гэж байгааг ойлгоод түүний эсрэг өргөдөл өгсөн байна. Тэрбээр гуравдугаар сарын 13-нд өргөдөл гаргасан бөгөөд түүндээ “Энэ ертөнцөд 17 настай Юн-ён шиг дотроо шаналж яваа хэчнээн хүүхэд байгаа бол хэмээн бодож энэхүү өргөдлийг гаргаж байна. Өнөөдөр тэд дотроо өөртөө л гомдож, гэмт хэрэгтэн биш, тэд л нойроо алдаж байгаа” гэжээ. Энэ өргөдлийг өгсний дараахан дасгалжуулагч Г дахиад холбогдож, 5 сая вон өгье, уучлалт гуйя гэсэн мессэж бичжээ.

Шин Юн-ён цагдаагийн газарт түүний явуулсан мессэж, утасны дуудлагын бичлэг, тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн бичгээ хүртэл өгчээ.

Мэдүүлэг авах үеэр Г дасгалжуулагч түүнийг дагуулаад эмэгтэйчүүдийн эмнэлэг явснаа санахгүй байна гэсэн бол тэрхүү бичгийг үзээд мэдүүлгээ өөрчилж, “Дасгалжуулагчид заримдаа өвчтэй сурагчдаа эмнэлэгт хүргэдэг юм” гэжээ.

Цагдаагийн газраас гэрчүүдээс мэдүүлэг авахыг хүсэхэд Шин Юн-ён жүдогийн үеийн тамирчид, эмэгтэй дасгалжуулагчаа нэрлэжээ. Тэд ийм халдлага болсныг мэдэж байсан, охин ч тэдэнд энэ талаар ярьж байсан аж. Гэвч эмэгтэй дасгалжуулагч мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Үеийн жүдочид нь ч сураггүй болжээ. “Тэдний жүдогийн карьер энэхүү мэдүүлгийг өгснөөс болж унаж болзошгүй. Магадгүй энэ нь жүдогийн ертөнц хэтэрхий хаалттайгаас болсон биз. Тэднээс бас айх хэрэгтэй” хэмээн Шин Юн-ён өгүүлжээ. Ингээд гэрчийн мэдүүлэг авч чадаагүй учир хэрэг хэтэрхий удааширсан байна.

Энэ хэрэг цагдаагийн газраас Чонжу прокурорын газарт шилжжээ. Харамсалтай нь энд хоёр сар болсон хэдий ч хэрэгт ахиц гараагүй байна.

Харин дасгалжуулагч Г охинд хэзээ ч бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тэд амрагууд байсан гэжээ. Г дасгалжуулагч “Бид уулзаад л, салаад л, дахиад л уулзалддаг хос шиг харьцаатай байсан. Амралтын үеэр хамтдаа зугаалж, төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэдэг байх нь бэлгийн хүчирхийлэл үү” гэжээ. Үүнээс гадна яагаад мөнгө өгөх гэж оролдсон талаар асуухад “Манай эхнэр намайг Шин Юн-ёнтой уулздаг юм уу гэхэд нь тэр юу ч хэлж чадахгүй байсан юм.

Тиймээс би Шин Юн-ёнд 500 000 вон өгөөд уулздаггүй гэж хэлээрэй гэсэн” гэжээ. Харин 5 сая воны талаар “Намайг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гээд шүүхэд өгөх гэж байгааг мэдээд өмгөөлөгч рүүгээ хандсан юм. Тэр үед өмгөөлөгч маань хамгийн сайн хувилбар бол уур бухимдлыг нь дарж, шүүхэд хандуулахгүй байх явдал гэсэн. Тэгээд л би 5 сая вон өгч, түүнийг тайвшруулах гэсэн юм” гэжээ.

Харин Шин Юн-ён “2013 онд жүдогоос гарсныхаа дараа би түүнтэй огт холбоо бариагүй. Харин төрсөн өдрийнх нь үдэшлэг бол жүдогийн ангийнхан хамтдаа цуглахад би тийшээ хүчээр очсон. Яагаад гэвэл би очихгүй бол хүмүүс хачирхаж сэжиглэнэ гэж бодсон юм. Хэрвээ бид уулзалддаг, энэ тухай мессэж, зураг байдаг бол миний буруу гэж хэлнэ. Гэвч тийм юм байхгүй шүү дээ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Би хохирогч. Тэд ч намайг хохирсон гэдгийг сайн мэдэж байгаа” хэмээсэн байна.

Шин Юн-ён Олимпийн аварга тамирчин Шим Сук Хид талархсанаа илэрсэн байна. “Би спортоос явсныхаа дараа #MeToo гэж хэлсэн. Харин Шим Сух Хи бол шорт трекийн дэлхийн хэмжээний мундаг гулгагч. Тэгсэн хэрнээ зориг гаргасанд нь талархаж байна. Шим Сук Хи түүнчлэн багаасаа зодуулсан, бүх тамирчин үүнийг амссан гэж хэлсэн” гэжээ.

Жүдогийн спорт Шин Юн-ёны хувьд бүх зүйл нь байлаа. “Би жүдодоо ч сайн, надад энэ спорт маш их таалагддаг байсан. Бараг миний амь амьдрал байсан гэхэд болно” хэмээсэн тэрбээр жүдогоо орхиж, хайртай хүнээсээ ч хагацжээ. Харин одоо түүний хувьд цорын ганц найдлага үлдсэн нь дасгалжуулагч Г.-д зохих шийтгэлийг нь амсуулах юм.

Эх сурвалж: BBC.COM

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн