Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
Дээрх хуульд “Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 16.1, 16.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.” хэмээн заасан хэсэг нэмсэн байна.
Мөн дугаарт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Чүлтэмийн Улааныг томилсон юм.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар Цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна хэмээн шийдвэрлэжээ. Тодруулбал, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байна гэж Цэц үзсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн уг зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон сонгуулийн санхүүжилтийн болон зардлын тайлан гаргахыг шаардаж улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах, иргэний улс төрийн эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн байна. Мөн энэ заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.