Өчигдөр /2019.01.25-нд/ нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төвд Авлигатай тэмцэх газрын “Иргэний хяналтын төв”-ийг албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Авлигатай Тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга ахлах комиссар Ц.Шинэбаяр болон иргэд олон нийтийн төлөөлөл оролцов.
Нийслэлийн ИТХ, НГХУСАЗЗ, нийслэлийн ЗДТГ болон Авлигатай тэмцэх газраас авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. “Иргэний хяналтын төв”-ийг нээснээр төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах бүрэн боломж нээгдэж байна гэдгийг Авлигатай Тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэв.
Тус төв нь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл экспо, Зургаан буудал дахь цэгүүдэд өнөөдөр нэгэн зэрэг нээгдэв. Цаашид нийслэлийн есөн дүүрэгт иргэд олон нийтийг авлигаас хол байлгах, түүний эсрэг тэмцдэг байх, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг, авдаг байх боломжоор хангах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа тухай холбогдох албаныхан мэдээллээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ