Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Баруунтурууны товчооны есөн эгнээг ирэх сарын 01-нээс бүрэн нээж, Рашаантын 361 дүгээр гармын товчоог татан буулгана. Шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд төлбөр хураах нэрийдлээр давхар мөнгө хурааж, түгжрэл саатал үүсгэдэг тухай иргэдээс гомдол, мэдээлэл байнга ирдэг байна. Дээрх нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/ судлан, хоорондоо ойрхон байрладаг хоёр товчоог нэгтгэж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай болгох, хүнд суртал, иргэдийн гомдол чирэгдлийг арилгах талаар ЗТХЯ-нд зөвлөмж чиглэл өгч, хамтран ажиллаж байна.
Баруунтурууны товчоо нь олон улсын стандартад нийцсэн орц, гарцтай 9 эгнээгээр зорчих боломжтой ч, зөвхөн хоёр эгнээгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг. Тиймээс Сар шинийн баяраас өмнө дээрх хоёр товчоог нэгтгэж Баруунтуруун дахь 9 эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэх боломжийг бүрдүүллээ. Цаашид бусад товчоог нэгтгэх, төлбөр хураамжийг цахимжуулж орчин үеийн ухаалаг технологиор шийдэх, шуурхай үйлчлэх, хүнд суртлыг халах арга хэмжээг хэрэгжүүлэхэд АТГ, ЗТХЯ хамтран ажиллахаар тогтлоо.
Улсын хэмжээнд олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах, шалган бүртгэх 22 товчоо байдаг. ЗТХТ ТӨҮГ-ын орон нутагт 19, НАЗХГ-ын харьяа Яармаг, Эмээлт, Баруунтуруун гэсэн гурван чиглэлд товчоонууд ажиллаж байна.