“Үнэртэй ус, нүүрний тос, oo Үсний, хөмсөгний, уруулын будагнууд Үй олон хавчаар, хөхний даруулга, хөвөн хөө Эмэгтэй хүнийг орлож ой тойнд минь үлдээд Эхнэрийг орлож ор дэрэнд минь шингэжээ” хэмээн яруу найрагч Р. Чойном нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Тиймээ, эмэгтэй хүнийг эд л бүрдүүлдэг. Бүсгүй хүн өөртөө итгэлтэй алхалж, гоё сайхан байхад энэ бүхэн хамгийн чухал үүрэг гүйцэтгэгчид юм.
Харин өнөө цагт эрчүүд маань ч гэсэн бүсгүйчүүдээс дутахааргүй өөртөө анхаардаг болчихсон байна. Маш сайн хэрэг. Өөртөө ч, гэртээ ч анхаарал тавьж чаддаг эр хүн бол хамгийн мундаг нь. Тиймээс дор дурдах зөвлөгөө эрчүүд та бүхэнд ч хамаатай юм. Түүнчлэн биднийг хараа дээгүүр, ихэмсэг алхахад чухал үүрэг гүйцэтгэгч эдгээр зүйлсээс үнэртэй ус нэгдүгээрт бичигдэх ёстой. Хүний үнэр гэдэг тэр хүнийг бүхэлд нь орлож чадах хүчтэй эд. Өөрийн үнэрээ хэрхэн олох вэ гэж үү?
Тэгвэл… Өѳртѳѳ тохирох сайн чанарын үнэртэй усыг сонгоно гэдэг эмэгтэй, эрэгтэй аль ч хүнд байвал зохих чадвар билээ. Гэхдээ сүрчигний чанарыг ойлгодог, мэддэг болно гэдэг хүмүүсийн боддог шиг тийм ч амархан зүйл биш. Хаанаас, алийг, хэдээр авах вэ гээд л толгойны өвчин болдог. Тиймээс та бүхэнд зөвлөхөд сайн чанарын ус сонгохдоо дараах шалгууруудыг хангасан бүтээгдэхүүнд мөнгөө зараарай гэж хэлмээр байна. Үүнд:
Мэдээж үнэртний маань хамгийн гол үзүүлэлт нь танд таалагдах анхилуун үнэр. Тэр үнэр танд л таалагдах ёстой. Гэвч зарим үед таны найз нѳхөд, дотны хүмүүсийн хэрэглэдэг, эсвэл маш үнэтэй, алдартай, борлуулалт сайтай ус үргэлж танд таалагдаад байдаггүй биз. Яг түүн шиг таны үнэртэнг үнэрлээд үл сайшаах хүмүүс олон гарч ирнэ. Гэхдээ өөрт чинь таалагдаж байгаа бол шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй.
Тэр үнэр таны үнэр учраас таныг илтгэж байх учиртай. Учир нь хүний мэдрэмжүүдээс субьектив буюу хамгийн ѳвѳрмѳц, биеэ даасан нь үнэрлэх мэдрэмж юм. Тиймээс танд таалагдах үнэр нь бусдаас огт ѳѳр байхад гайхах зүйл огт үгүй. Та зѳвхѳн ѳѳртѳѳ таалагдсан усаа түрхэж байж л тэр анхилуун үнэрээс таашаал авч бас таны үнэр бусдад таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байж чадна. Харин огт үнэрлээгүй, таамгаар эсвэл бэлгэнд авсан ус танд таалагдахгүй л бол тэр ус ямар ч хэрэгцээгүй зүйл болон хувирдаг. Миний нэг найз ѳѳрт нь таалагдаагүй усаа ариун цэврийн ѳрѳѳний агааржуулагч болгон ашигладаг байж билээ.
Энэ мэтчилэн олон хүн энэ аргаар үнэртэй усаа дуусгасан байдаг. Хэрвээ та нэг усыг анх үнэртсэнийхээ дараа ѳѳрийн эрхгүй дахин дахин үнэрлээд, хамраа салгаж чадахгүй бол та ѳѳрийнхѳѳ усыг олсон гэсэн үг. Тиймээс хамгийн түрүүнд үнэрлэж байж сонголтоо хийх хэрэгтэй. Үүнээс гадна үнэртэй усны чанарыг тодорхойлох шалгуур байдаг. Үүнд:
1. (Longevity) Үнэрээ барих чадвар. Ерѳнхийдѳѳ үнэр барих хугацаа тухайн бүтээгдэхүүнд орсон үнэт тосны нягтрал, найрлаган дахь материалын чанараас шалтгаалаад янз бүрийн хугацаатай.
Хамгийн нягтрал багатай “Eau de cologne” ба “Eau de toilette” ангилалтай уснууд дунджаар 3 – 6 цаг, “Eau de parfum” нь дунджаар 6 – 10 цаг , хамгийн ѳндѳр нягтралтай “Pure parfum” ба “Attar” 10 ба түүнээс дээш цаг үнэрээ барьдаг. Гэвч энэхүү ангилал нь бодит амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй. Учир нь ус бүтээдэг компани болгон нь ѳѳр ѳѳрийн арга технологиор усныхаа нягтралыг тогтоодог учир зах зээл дээр байгаа ус болгоны үнэр барих чадвар нь харилцан адилгүй. Жишээ нь зарим брэндийн “eau de toilette” нь ѳѳр брэндийн “eau de parfum” – aас илүү үнэрээ сайн барьдаг. Тиймээс үнэр барих чадварыг бодитойгоор түрхэж үзэж байж л мэднэ. Зарим ус нэг цаг хүрэхгүй хугацаанд ууршиж алга болдог бол зарим сайн чанарын ус хэдэн ѳдѳр ѳнгѳрсѳн ч үнэрээ алддаггүй шүү дээ.
А. (Cloying ) Ус нь үнэрээ хэсэг хугацаанд бариад эрч нь алгуурхан сулрах ёстой. Гэтэл химийн гаралтай материал их орсон, чанар муутай уснууд үнэрээ огт эрчээ алдахгүйгээр барьдаг. Гэтэл энэ нь үнэрлэх мэдрэмжийг цочоож буй бүхий л үнэртэний эрч аажмаар сулрах ёстой гэсэн байгалын хуулийг зѳрчиж буй учир тийм хүчтэй үнэр нь удалгүй толгой ѳвтгѳх, дотор муухай оргиход хүргэдэг. Б. Хүн ѳдѳр ба оройн цагт, ѳѳр ѳѳр газар байх, ондоо хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог тул олон тѳрлийн зорилгоор хувцсаа солих, тэгээд үнэртнээ ѳѳрчлѳх шаардлага гардаг. Тиймээс сайн чанарын ус дунджаар 6 – 8 цаг үнэрээ барьдаг байх нь хангалттай.
2. (Projection) Үнэрээ түгээх чадвар. Энэ нь таны түрхсэн цэгээс тухайн уснуудын молекулууд агаарт ууршиж үнэрээ ямар зайнд түгээж байгааг харуулдаг шалгуур юм. Зарим сайхан үнэртэй ч гэсэн чанар муутай зарим уснуудыг эхлэн түрхсэн тэр цэгт л хамраа шургуулж байж үнэрийг нь мэдэрдэг. Өѳрѳѳр хэлбэл үнэр түгээх чадвар муутай гэсэн үг. Харин сайн чанарын уснууд хэдэн метрийн цаанаас үнэртдэг ба таны биеийг тойруулан анхилуун үнэртэй бүрхүүл үүсгэдэг. Гэхдээ та тухайн үед байгаа орчин нѳхцѳлѳѳс шалтгаалаад ѳѳрийнхѳѳ усны үнэр түгээх чадварыг тохируулж мэддэг байх нь чухал. Жишээ нь олон хүнтэй, агаар солилцоо муу, кино театр, албан байгууллага гэх мэт газруудад тэр болгон үнэр түгээлт ѳндѳртэй ус хэрэглэх нь бусдыг үл хүндэтгэсэн хэрэг. Ерѳнхийдѳѳ таны ус хамгийн ойрхондоо л гар сунгах зайнаас буюу дунджаар цѳѳн алхмын цаанаас үнэртэж байж л танд бүрэн таашаал ѳгѳхѳѳс гадна бусдыг ѳѳртѳѳ татах ид шидээ үзүүлнэ.
3. (Sillage) Үнэрээ үлдээх чадвар. Энэ нь таны үнэртэй усны молекулууд таны байсан газар ууршихдаа үнэрээ хэрхэн цацраан үлдээж байгааг харуулах шалгуур юм. Чанар муутай, ялангуяа, үнэр түгээлт муутай уснууд таны араас үнэр тэр болгон үлдээдэггүй. Харин үнэр үлдээх чадвар сайтай уснууд таны явсан мѳрѳѳр анхилуун үнэр зам татуулан үнэртдэг. Жишээ нь зарим сайхан үнэртэн хэрэглэсэн хүн ѳрѳѳнд орж ирээд гараад явсны дараа ч хэсэгтээ таны ѳрѳѳ тэр чигтээ сайхан үнэртдэг шүү дээ. Ийм үнэр үлдээлт сайтай анхилуун үнэртэн ханхалуулсан хүний араас эргэж харахгүй байхын аргагүй, болдогсон бол дагаад явчихмаар болдог. Үгүй гэж үү?