Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд төлбөр хураах нэрийдлээр түгжрэл саатал үүсгэдэг тухай иргэдээс гомдол, мэдээлэл байнга ирдэг байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны төлбөр хураах, шалган бүртгэх товчоо нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяанд ажилладаг бол хэдхэн км-ын цаана байх Рашаантын буюу 361 дүгээр гарамын товчоо нь Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын харьяанд үйл ажиллагаагаа явуулж, нэг нь орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс нийслэл рүү ороход, нөгөө нь Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл хотоос гарахад зам ашигласны төлбөрийг иргэдээс тус тус хураадаг.
Баруунтурууны товчоо нь олон улсын стандартад нийцсэн орц, гарцтай 9 эгнээгээр зорчуулах хүчин чадалтай ч зөвхөн орох, гарах нэг, нэг эгнээгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг, үлдсэн гарцуудыг огт ашигладаггүй.
Иймд эхний ээлжинд сар шинийн баяраас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дээрх хоёр товчоог нэгтгэж Баруунтуруун дахь 9 эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэн тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Улсын хэмжээнд олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах, шалган бүртгэх 22 товчоо байдаг аж. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын орон нутагт 19, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяа Яармаг, Эмээлт, Баруунтуруун гэсэн гурван чиглэлд товчоод ажиллаж байна.
Цаашид бусад товчоодыг нэгтгэх, төлбөр хураалтыг цахимжуулж орчин үеийн ухаалаг техник технологиор шийдвэрлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээг сайжруулах, хүнд суртлыг халах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар АТГ, ЗТХЯ хамтран ажиллахаар тогтсон байна.