Цагаан сар хаяанд ирлээ. Сар шинийн өдрүүдтэй золгоход арав хүрэхгүй хоног үлджээ. Үндэсний уламжлалт энэ баяраар хүн бүр эдийн сайныг өмсөж, гарч байгаа шинэ оноо өнгөтэй өөдтэй угтахыг хичээдэг.
Торго, дурдан бүс даавуун эдлэлээр монгол дээл урладаг жижиг дунд үйлдвэрлэгчид болон ноолууран эдлэлийн үйлдвэрүүд монгол дээлний захиалгад ид дарагджээ. Энэ жилийн Цагаан сарын трэнд загвар булган эмжээртэй дээл болж байна гэж жижиг дунд үйлдвэрлэгчид ярьж байна.
Ноолууран дээлийн тухайд загвар, орц, хийцээсээ хамаарч 750 мянгаас 1.6 сая төгрөгийн ханштайгаар худалдаалагдаж байна. Харин захиалгаар дээл оёдог жижиг дунд үйлдвэрлэгчид, оёдлын цех салонууд дээлээ загвар хийц, материалаас шалтгаалан 250-450 мянган төгрөгөөр, хувираа дээл оёдог иргэд 80-150 мянган төгрөгөөр урлаж байгаа аж.
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн үндэсний хувцас зардаг тасаг хүн ихтэй байлаа. Энд найман настай балчраас 80 настай буурай ирж, Цагаан сарын дээлээ сонгон авч байв. Тэд үндэсний хувцсаараа гоёхоор нүдэнд торсон болгоноо өмсөж, тольны өмнүүр эргэлдэнэ. Залуу охидын хувьд дээл гэхээсээ илүү монгол загвартай цамцыг юбкатай хослуулж авч байна.
Дээлийн загвар жил ирэх тусам улам л шинэлэг хийцтэй болж өөрчлөгдөж буйд иргэд ам сайтай байсан юм. Зах дээр дан дээлээс эхлээд даавуу, торгон, хөвөнтэй, кашмер, ноолууран, тэр бүү хэл хурга, булган дотортой, хүннү захтай, энэтхэг, индонез торгон дээл хос хосоор нь жимбийтэл нь өлгөсөн нь олны нүдийг булаана.
Худалдан авагч “Энэ жилийн хувьд дээлний сонголт өргөн байна. Гэхдээ сэтгэлд хүрсэн дээл болгон хэтэрхий үнэтэй санагдлаа. Энгийн хэрнээ шинэлэг энэ дээл гэхэд 280 мянган төгрөгийн үнэ ханштай байна” гэв. Үнэхээр л өмнөх жилээ бодвол энэ жил үндэсний хувцасны үнэ ханш нэмэгджээ. Үнийн хувьд:
-Хамгийн их эрэлттэй байгаа булган эмжээртэй хос дээл 380-480 мянган төгрөг
-Эмэгтэй дээл 140-300 мянган төгрөгийн хооронд материалаасаа хамаараад хэлбэлзэж байна
-Эрэгтэй дээл ниймгэн, зузаан гэх мэт материалаасаа хамаарч 80-350 мянган төгрөгийн үнэтэй ханштай худалдаалж байна.
-0-7 настай хүүхдийн дээл 50-90 мянган төгрөг
-Түүнчлэн хурган дотортой дээл 1 сая 150 мянгаас 1 сая 950 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв.
-Эрэгтэй хантааз 280-320 мянган төгрөг.
-Эмэгтэй хантааз 200-250 мянга байгаа бол хүүхдийн нимгэн цамц, өмд хосоороо 40-45 мянган төгрөг.
-Дан цамц 55-75 мянга, эмэгтэй богино загварын дээлнүүд 100-130 мянган төгрөг.
-Лоовууз малгай үнийн хувьд материалаасаа хамаараад хүүхэд 20-25 мянган төгрөг,
-Үнэгэн лоовууз малгай 200 мянган төгрөг
-Дарьганга загварын дөрвөн талтай, орой дээрээ зангидсан сампинтай малгай 75-110 төгрөг
-Дөрвөн талтай булган малгай 200 мянга, үнэгэн малгай 150 мянган төгрөгийн үнэтэй байна.
Худалдагч “2019 оны монгол дээлний трэнд загвар гэвэл булган эмжээртэй дээл орж байна. Үнийн хувьд үнэтэй байгаа ч иргэдийн дунд илүү эрэлттэй байна. Хүмүүс булгаар ханцуй, хантааз, эмжээртэй дээл их сонирхох болж. Өнгөний хувьд эмэгтэйчүүд хамбилон буюу өнгө нь солонгордог өнгөтэйг сонгож байгаа бол эрчүүд завсрын бүдэг өнгийн дээл их авч байна. Нэмж хэлэхэд залуус гурван эмжээртэй дээл өмсдөг байсан бол хосолсон, товгор эмжээртэй дээлийг сураглах боллоо. Малгайны тухайд үслэг малгайнаас аль болох татгалзаж, бүрх болон лоовуузыг их сонгодог” гэв.
Хос дээл сонирхож зогссон залуухан гэр бүлийн тухайд өнгө хоршуулан авсан дээлэн дээрээ лоовууз малгайгаар гангарсан нь илүү чамин санагдав.
Худалдан авагч “Миний хувьд хэт загварлаг гэхээсээ илүү энгийн чамин харагдахаар дээл сонирхож явна. Надад гар ажиллагаа нэлээд шаардсан дээл илүү сайхан харагддаг. Эдэлгээ ч удаантай байдаг юм. Зах дээр тийм дээл маш ховор харагдаж байна. Дээлний үнийн хувьд “Нарантуул” зах бусад худалдааны төвүүдээ бодвол харьцангуй хямд санагдлаа. Миний сонирхож байгаа дээл 180 мянгаас 220 мянган төгрөгийн хооронд байна даа” гэлээ.
Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой хаа газрын хувцас захиалга, засварын үйлчилгээ үзүүлдэг газрууд монгол дээлний захиалгад дарагджээ.
Гоёо ноолуурын үйлдвэрийн ноолууран дээл:
Салон, оёдлын цехүүдийн загвар
Нарантуул худалдааны төвийн загварууд