“ВВС”-гийн сурвалжлагч Руперт Уингфилд-Хейзийн материалыг хүргэж байна. Ким Хен Хиг алуурчин байсан гэхэд хэн ч итгэхгүй. Өдгөө 51 настай энэ бүсгүй хоёр хүүхдийн ээж бөгөөд сайхан инээмсэглэдэг, зөөлөн дуутай нэгэн юм. Тэрбээр Өмнөд Солонгосын хаа нэгтээ ганцаараа аж төрж байна. Гэхдээ яг хаана амьдардгаа огт ярьдаггүй. Бидэнтэй уулзах үеэр түүнийг хослол нь зохиогүй хамгаалагчид сахиж байлаа.
Энэ бүсгүй Хойд Солонгост өөрийг нь хөнөөх гэсэн төлөвлөгөөгөө цуцлаагүй болов уу хэмээн үргэлж айдаг. Ингэх ч шалтгаан бий. Ким Хен Хи өмнө нь БНАСАУ-ын тагнуулч байсан юм. Тэрбээр 25 жилийн өмнө Пхеньяны заавраар Өмнөд Солонгосын онгоц дэлбэлсэн.
Сөүлийн нэгэн зочид буудлын өрөөнд тэр миний өөдөөс харж суугаад 19 настайдаа ямар охин байсан, Пхеньяны их сургуулийн оюутан ахуй цаг, япон хэлийг яаж сурсан, улсын аюулгүйн байгууллагад хэрхэн элссэн талаараа ярилаа.
Удирдагчийн шууд тушаал
Тэрбээр зургаан жилийн турш тагнуулын тусгай сургуульд суралцжээ. Суралцах хугацаанд түүнийг Йоко Тагучи хэмээх залуухан япон бүсгүйтэй танилцуулсан байна. Энэ япон бүсгүйг хүүхэд байхад нь Японы хойд хэсэгт орших гэрээс нь хулгайлсан аж. Тагучи түүнийг цэвэр япон хүн шиг ярьж, биеэ авч явдаг болгож сургажээ. Ингээд даалгавраа гүйцэтгэх цаг ирэв.
1987 он. Өмнөд Солонгос улс Сөүлд Олимпийн наадам зохион байгуулахаар бэлтгэж эхлэв. Тухайн үед Хойд Солонгосын засгийн эрхэнд Ким Ир Сен байсан бөгөөд түүний хүү Ким Чен Ир төрийн залгамж халааг авахаар бэлтгэж байжээ. Тэд энэхүү наадмыг зохион байгуулагчдад ямар ч хамаагүй аргаар саад болохыг хүсч байв.
Энэ талаар Ким бүсгүй “Тагнуулын өндөр албан тушаалтан Олимпоос өмнө зорчигч тээврийн онгоц дэлбэлэх даалгавар өгсөн. Ингэснээр Өмнөд Солонгосыг эмх замбараагүй байдалд оруулж, хөл үймээн тарина. Улмаар тэдний дэглэмд үхлийн цохилт өгнө гэж тэр хэлж байсан” гэв.
Ким насаар ахмад нэг тагнуулчтайгаа Багдадаас Өмнөд Солонгосын нэгэн онгоцонд суужээ. Энэ үеэр бүсгүй тэсрэх бөмбөгтэй чемоданыг өөрийн биеэр онгоцны салоны тээшний хайрцагт тавьсан байна. Ингээд Абу-Дабид онгоц газардахад Хойд Солонгосын хоёр тагнуулч бууж, нуугдсан аж. Үүнээс хэдхэн цагийн дараа онгоц Андаманы тэнгисийн дээгүүр нисч байхдаа дэлбэрч, дотор нь сууж явсан 115 хүн бүгд амь үрэгдсэн юм.
Гэвч бүх зүйл төлөвлөгөө ёсоор явагдсангүй. Хоёр тагнуулчийг мөрдсөөр Бахрейнд барьж авчээ. Бүсгүйг дагалдан явсан ахмад тагнуулч цианист калитай тамхи татаж, амиа хорлосон бол Кимийг онгоцоор Сөүлд аваачиж, гадаадын сурвалжлагч нарт харуулжээ.
Энэ талаар Ким бүсгүй “Онгоцны шатаар буух үедээ би хэнийг ч хараагүй. Зөвхөн газар ширтсээр буусан бөгөөд миний амыг туузаар наасан байв. Би ч барын аманд орлоо доо гэж бодож байсан. Намайг ална гэдэгт бүрэн итгэлтэй байлаа” гэжээ. Түүнийг газар доорх хонгилд аваачин, байцааж эхэлсэн байна.
Эхэндээ тэрбээр япон хүн болж жүжиглэхийг оролджээ. Гэвч сүүлдээ үнэнээ хүлээхээс өөр аргагүй болов. Ким Хен Хи “Хойд Солонгост буй ар гэрийнхэнд минь хэцүү зүйл тохиолдоно гэж бодохоор хэцүү байсан. Гэвч миний буруугаас болж онгоцонд амиа алдсан хүмүүсийн ойр дотны хүмүүсийг бодоод, үнэнээ хэлсэн нь дээр гэж үзсэн” хэмээжээ.
Тэрбээр онгоц дэлбэлэх тушаалыг Ким Ир Сен болон түүний хүүгээс авсан гэнэ. Тэрбээр “Хойд Солонгост бүх зүйл Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ирийн нэрийн өмнөөс хийгддэг байсан. Тэдний зөвшөөрөлгүйгээр юу ч хийж болохгүй. Бидэнд даалгасан энэ ажлыг дээрээс сайшаасан гэж хэлж байсан” гэв.
Газар дээрх бурхан
Ким Хен Хи “Ким Ир Сенийг газар дээрх бурхан гэж үздэг байсан. Түүний хэлсэн бүхнийг үнэн гэж үзэж, ямар ч заавар тушаалыг нь гүйцэтгэхэд бэлэн байв. Бүр өөрийнхөө амийг өгөөд ч хамаагүй биелүүлнэ гээч” гэв.
Түүний хэлсэн энэ үгнээс удирдагчдадаа гүнээ итгэж явдаг байсан коммунист бүсгүй Хойд Солонгосын дэглэмийг яснаасаа үзэн яддаг, хатуу харгис, хүнлэг бус үйлдэл хийдэг гэж үздэг нэгэн болсныг би мэдэрч байлаа. Ким бүсгүй “Хорвоо дээр ийм улс орон хаана ч байхгүй.
Гадаадынхан үүнийг ойлгохгүй. Кимүүдийн үр удмыг шүтэх нь төрийн шашин нь гэж хэлж болно. Хүмүүс нь өөрсдийн гэх эрх чөлөөгүй болохоор хүний эрхийн талаар яриад ч хэрэггүй. Өнгөрсөн үеэ дурсахаар надад зовлон гунигаас өөр юу ч мэдрэгддэггүй. Ер нь би яах гэж Хойд Солонгост төрсөн юм бэ” гэж бидэнд ярьсан юм. Гэхдээ тэр Кимүүдийн эзэнт гүрний үе дуусна гэдэгт дэндүү итгэлтэй байдаг аж.
Өдгөө умардын засгийн эрхийг Ким Ир Сений ач хүү, Ким Чен Ун удирдаж байгаа. Тэрбээр “Хойд Солонгос үнэхээр хүнд байдалд байна. Цэрэг дайчдын дургүйцэл нэмэгдэж, тэр үүнийг өөрчилж засахаас өөр аргагүй болсон. Тиймээс ч тэр хүн амаа хөдөлгөх зорилгоор дайны хийрхэл өдөөж байгаа юм” гэлээ.
1989 онд Өмнөд Солонгосын шүүхээс Ким Хен Хид цаазын ял оноосон. Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Ро Дэ У түүнд өршөөл үзүүлсэн байна. Хожим нь энэ бүсгүй Өмнөд Солонгосын тагнуулын ажилтантай гэрлэж, хоёр хүүхэд төрүүлжээ.
Ингээд бодохоор энэ бүсгүй үйлдсэн хэргээсээ амархан мултарч чадсан мэт. Гэвч тэр одоо ч гэсэн өөрийгөө буруутгаж явдаг аж. Тэрбээр Христийн шашин шүтэж, онгоцны дэлбэрэлтэд амиа алдагсдын төрөл төрөгсөдтэй ч уулзаж үзжээ. Энэ талаараа тэрбээр “Би энэ хэргээс болж амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзсан. Бид бүгдээрээ уйлалдаж, тэврэлдээд салсан” гэжээ.
Цаг хэртэй үргэлжилсэн бидний уулзалтад түүнд сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй ганцхан л хором тохиосон юм. Түүнээс би Хойд Солонгост буй ойр дотныхныг нь асуутал толгойгоо сэгсэрч, нүд нь нулимсаар дүүрээд ирэв. Хөөрхий бүсгүй “Тэднийг яасныг би мэдэхгүй ээ. Баривчлаад, Пхеньянаас хөдөлмөрийн лагерь руу цөлсөн л гэж сонссон” гэж хариулсан юм.
Д.Энх