Өмнөд Солонгос спортын түүхэн дэх хамгийн том мөрдлөг шалгалтаа эхлүүллээ. Өмнөд Солонгос улс спортын ертөнц дэх бэлгийн хүчирхийллийн хамгийн том мөрдлөг шалгалтаа эхлүүлж байна. Энэ талаар өчигдөр хүний эрхийг хамгаалагчид мэдэгдлээ. Тэшүүрийн спортын олимпийн од нэгэн тамирчин бүсгүй дасгалжуулагчаа өөрт нь харгис хэрцгийгээр хандаж байсан гэж буруутгаснаас хойш тамирчид ар араасаа ийм төрлийн хэргүүдийг илчилж эхэлсэн билээ.
Үндэсний хүний эрхийн комиссын дарга Чой Юн-эгийн мэдэгдсэнээр мөрдлөг шалгалт спортод болж буй ийм хэрэгтэй “системтэйгээр, тогтвортойгоор тэмцэхэд чиглэнэ” гэжээ. “Бид баримтуудыг олж тогтоохоор мөрдлөг шалгалт явуулах болно. Энэ бол түүхэн дэх хамгийн том шалгалт болно” гэсэн байна.
Хүний эрхийн комиссынхны мэдэгдэж буйгаар жилийн хугацаанд бүх төрлийн спортын тамирчид, дасгалжуулагчид, албаны хүн гээд 30 000 орчим хүнээс мэдүүлэг авах төлөвтэй байна.
Өмнөд Солонгост #MeToo хөдөлгөөн хожимдсон ч гэсэн өрнөж байгаа юм. Эрчүүдийг дээдэлдэг, бэлгийн хүчирхийллийн талаар ярихыг эртнээсээ хориглодог тус улсад 21 настай тамирчин Шим Сук-хи өмнөх дасгалжуулагч Чо Же-Бомыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгаснаар дэлхий нийтийг доргиосон билээ.
Тэшүүрийн спортын шорт-трекийн төрлийн үндэсний дасгалжуулагч асан Чо Олимпийн хоёр удаагийн аварга бүсгүйг сургуулилтын үеэр гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас өнгөрсөн есдүгээр сард 10 сарын ял авсан.
Арванхоёрдугаар сард Шим түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгасан байна. Чо хариуд нь бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдэгдсэнийг түүний өмгөөлөгч дамжуулжээ.
Тэр цагаас хойш жүдо бөх, нум сум харваа гэх мэт олон төрлийн спортын тамирчид халдлагад өртөж байсан, бэлгийн хүчирхийллийн золиос болж байснаа мэдэгдсэн абайна.
Чойгийн хэлж буйгаар дасгал сургуулилт, шагнал медалиас болж олон хохирогч энэ талаараа дэлгэж байгаагүй гэжээ. Тиймээс мөрдлөгө шалгалт явуулж, хүний эрхийн асуудлыг эрх бүхий хүмүүст хүргэхийн тулд мэдээлэл цуглуулах “Үндэсний хараат бус, байнгын ажиглалтын систем” байгуулна гэжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт ийм мэдээллийн урсгал “Өмнөд Солонгос улсыг спортын төв гэсэн тод имиж”-д нь сөрөг цохилт болж байна хэмээгээд нарийн чанд судлах, хатуу шийтгэл амсуулахыг уриалсан юм.
Эх сурвалж: channelnewsasia.com