ОХУ-д айлчилж байгаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн уулзалтаараа 70 гаруй жил үргэлжилсэн Курилын арлуудын маргаантай яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхээр тохирчээ.
Мөн хоёр орны хооронд урт хугацаанд яригдсан энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг хоёр улсын иргэдэд нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцолжээ. Хоёрдугаар сард болох Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар Курилын арлуудын асуудлаар яриа хэлэлцээ хийх гэнэ.
2012 оноос хойш энэ асуудлаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 25 удаа уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. Энхийн хэлэлцээр байгуулж чадаагүйн гол шалтгаан нь Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайны эцэст Японтой дайн зарлаж, Курилын арлуудыг эзлэн авч, 17 мянган япон иргэнийг албадан гаргасан явдал.
ЗХУ Хабомай, Шикодан арлуудыг энхийн хэлэлцээр байгуулсны дараа Японд буцаан өгөх саналыг 1956 онд дэвшүүлсэн юм. Хэдий тийм боловч энхийн хэлэлцээр одоог хүртэл хийгдээгүй байна. Энэ удаагийн айлчлалтай зэрэгцэн ОХУ-ын сөрөг хүчний дэмжигчид Курилын арлуудыг Японд өгөхийг эсэргүүцэн Москвад жагслаа. Жагсагчдаас 11 хүнийг баривчлан саатуулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ болон Япон улс харилцан шийдэлд хүрэх хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. Бид урт хугацаанд хоёр орны харилцааг сайжруулж, шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Мэдээж хоёр улсын ард иргэд, олон нийтийн саналыг яриа хэлэлцээндээ тусгах нь зөв. Курилын арлуудын асуудлаар бид яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхэд санал нэгдсэн” гэж мэдэгдлээ.
Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Ирэх хоёрдугаар сард болох Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар Курилын арлуудын асуудлаар яриа хэлэлцээ хийх болсон. Дэлхийн II дайн дууссанаас хойш 70 гаруй жилийн турш үргэлжилж байгаа маргааныг шийдвэрлэх амаргүй. Тиймээс хоёр орны итгэлцлийг сайжруулж, шийдэлд хүрэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцолсон байна.