-Талийгаач Ш.Алтантуяа амьд ахуйдаа Монголын Засгийн газар болон сэтгүүлчдэд хандаж захидал үлдээсэн байжээ-
Өнөөдөр (2019.01.23) Ша Алам хотод Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэлж байна.
Өнөөдрийн шүүх хуралд С.Шаарийбуу, түүний хүү М.Мөнгөншагай нар давж заалдагчаар оролцож, Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Бангкок дахь Монголын ЭСЯ-ны консулын ажилтан Г.Бямбасүрэн нар шүүх хурлын явцыг ажиглах бол Б.Энхжин орчуулагчаар ажиллах юм. Энэ удаагийн шүүх хурлын явц нэгдүгээр сарын 31-ыг хүртэл үргэлжлнэ.
Үйл явдлыг сөхөн сануулахад 2006 онд манай улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад харамсалтайгаар амь насаа алдсан.
Түүний амь насыг хөнөөсөн эзэд болон захиалгат аллагыг захиалсан гэмт этгээдийг шүүх хурал 13 дахь жилдээ хэлэлцэгдэж байна. Хэрэгт Малайзын нөлөө бүхий улстөрч, цагдаагийнхан хүртэл оролцсон учраас шүүх хурал ийн удааширч байгаа юм. Малайзын улстөрч А.Р.Багинда болон цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар, Азилах Хадри нарыг сэжиглэн хоригдож, бас цагаадан суллагдсан юм.
Малайзад болсон сонгуулиар гэмт хэрэгт нэр холбогдсон Багинда нарын эсрэг сөрөг хүчний нам ялсан нь хэргийг сөхөн хөндөж, хэлэлцэх шалтгаан болсон юм.
2008 онд болсон шүүх хурал дээр талийгаач бүсгүйн хамгийн сүүлд Малайзын Засгийн газар, Монголын Элчин сайдын яам, хэвлэл мэдээллийнхэнд бичиж үлдээсэн захидал дэлгэгдэж байсан юм. Түүнчлэн хэргийн захиалагч гэгдэх А.Р.Багиндад хандаж талийгаачийн бичсэн хэд хэдэн гар бичмэл нотлох баримтуудын ч хавтаст хэрэгт нэмэгдэж байв.
Урьд нь олон нийтэд хүрч байгаагүй эдгээр гар бичмэл, захидлыг www.powerpresent.blogspot.com блогт нийтэлжээ. Уг блогт мэдээлснээр бол Ш.Алтантуяагийн нас барахынхаа өмнө бичиж үлдээсэн захидлыг буудаллаж байсан “Маlауа” зочид буудлаас нь олсон байдаг.
Захидал түүний гар цүнхэнд хадгалагдаж байсан аж. Талийгаач захидалдаа, “Хүндэт Малайзын Засгийн газар, хууль цагдаагийнхан, Монголын ЭСЯ, эрхэм сэтгүүлчид ээ. Намайг Шаарийбуугийн Алтантуяа гэдэг. Би Малайзад Абдул Разак Багинда гэдэг найз залуутайгаа уулзахаар ирсэн. Тэр гэр бүлтэй хүн.
Дамансара Хэйтийн Жалан Сэйтиа Жаяа-гийн 22 тоотод эцэг эх, эхнэр, охины хамт амьдардаг. Харин түүний ажлын газар Жалан Ампангид байрладаг. Надад зайлшгүй шалтгаан байсан болохоор би түүнтэй уулзахаар ажил дээр нь очсон.
Би сайн хүн, хэн нэгнийг гомдоохыг хүсдэггүй, одоо ч хүсэхгүй байна. Багинда бол Малайздаа нөлөөтэй, хөрөнгөтэй нэгэн. Засгийн газар, хууль хяналтынханд танил ихтэй. Хамгийн гол нь тэр намайг айлган сүрдүүлж, амь насанд халдахыг оролдлоо. Тэр байтугай хоёр энэтхэг эрийг хөлсөлж, намайг мөрдүүлсэн. Тэр залуус явсан газар бүрт намайг дагаж, ажигладаг.
Тэдний нэг Сураж КуМар нь өглөө бүр 05.00 цагийн орчимд миний байрлаж байгаа зочид буудлын өрөөний хаалгыг тогшиж айлгахыг оролддог. Ойролцоогоор 4-5 өдөр миний араас хором ч холдолгүй мөшгөсөн. Надад үнэхээр аймшигтай санагдаж байна. Уг нь Монголд байхад Багинда надад тусална гэдгээ амласан. Тиймээс л би энд ирсэн.
Хэрэв тэр чадахгүй гэсэн бол би хэзээ ч холын Малайзад ирэхгүй байсан юм. Намайг мөрдүүлж байгаа хоёр энэтхэг эр надад “Багинда бол цагдаад нөлөөтэй хүн, чи юу ч хийж чадахгүй шүү” гэсэн. Намайг цонхоор шидэж хорооно гэдгээ хэлсэн. Би ямар нэг зүйлийг буруу хийсэн байж магадгүй л дээ.
Гэхдээ л би ч бас Багиндад туслахаар ирснийг хэлэх хэрэгтэй. Миний хувьд болж байгаа бүхэн хэтэрхий аймаар, аминд халтай байсан учраас хувийн мөрдөгч Похийг хөлсөлж өөрт хэрэгтэй мэдээллүүдийг олж авсан. Энэ хоёр энэтхэг залууг хэн над руу явуулснаас эхлээд бүгдийг мэдлээ. Эл захидлыг бичихийн өмнө би өөрийнхөө тухай бодлоо. Надад ямар ч сонголт байхгүй юм байна…” гэсэн мөрүүд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.