УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн (2019.01.21) хуралдаанаараа Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсч, томуу, томуу төст өвчний талаар хэлэлцэн хоёр асуудал дээр анхаарах шаардлага байна гэж үзжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээллийнхээ эхэнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь болон орны ачааллын талаар танилцууллаа. Үзүүлэлтийн хувьд тархалт харьцангуй буурч байгаа аж. Сайдын хэлснээр эмнэлгийн коридорт яаралтай тусламж үзүүлэхийн тулд ор тавьж үйлчилж байсан бол хүүхдийн тасгуудыг нэмж ажиллуулсанаар өнөөдрийн байдлаар аль ч коридорт хүүхэд авахгүй байгаа гэнэ. Гэвч цаашид томуу, томуу төст өвчний тархалт сар шинээр идэвхжих магадлалтай байгаа тул орны тоо, вакцины хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна.
Ингэхдээ 2019 оны төсөв, төсвийн тодотголд, 2020 оны төсөвт энэ чиглэлээр онцгой анхаарч хөрөнгө оруулах шаардлага байгаа бөгөөд орны тоо, вакцины хангалтыг нэмэгдүүлэхэд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж Эрүүл мэндийн сайдын зүгээс санал тавьжээ.
Энэ дагуу өнөөдрийн бүлгийн хурлаар 700-1000 ортой эмнэлэг барьж байгуулах төсвийг шийдвэрлэх, мөн хүн амыг вакцинаар хангах асуудалд санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан байна. Үүнд 10 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг ирэх оны төсөвт тодотгол хийхгүйгээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаад явах боломж бий гэдгийг дурьдаж байлаа. Мөн томуу, томуу төст өвчний улмаас бага насны олон хүүхэд амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгэсэн бол насанд хүрсэн гурван хүн нас барсан гэх мэдээллийг өглөө.
Ийнхүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ долоо хоногийн чуулганаар 10 тэрбум төгрөгийн асуудлыг хэлэлцэх үү?
-Энэ долоо хоногт хэлэлцэхгүй. 2020 оныг хүлээх юм бол тухайн оны өвчлөлтэй тэмцэж чадахгүй болчихоод байгаа юм. Тийм учраас наана нь хөрөнгийн асуудлыг шийдэх талаар анхаарна гэж ойлгож болно.
-М.Билэгт гишүүний эмнэлгийг улсад авах уу?
-Хавдар судлалын эмнэлгийн хашаанд барьж байгаа энэ эмнэлгийг төрийн өмчид авах талаар тус эмнэлгийн зүгээс санал тавьж байгаа. Энэ талаар дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг судалж байгаа.
-Хувийн эмнэлгүүдтэй ажиллаж болдоггүй юм уу?
-Хамтарч ажиллаж байгаа. Санал ч тавьж байна. Гэхдээ хүүхдийн эмчилгээг бүрдүүлсэн эмнэлгүүд шаардлагатай учраас аль болох мэргэжлийн эмнэлгүүд дээрээ төвлөрч тусламж үйлчилгээ үзүүлэх бодлогыг барьж байгаа.
-Сайд нарын асуудлыг хэлэлцсэн үү?
-Сайд нарыг чөлөөлөх, огцруулах асуудлыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцээд УИХ-аар шийдэх байх. Хэрэв шийдвэл дараагийн долоо хоногт орных нь хүний асуудал яригдана.
-УИХ хурлын даргатай холбоотой асуудлыг хэлэлцсэн үү?
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг баталсан. Одоо ёсчлоод ирэх баасан гарагт хэрэгжинэ. Хэрэгжсэний дараа энэ асуудал яригдах болов уу.
-Тамифлюгийн үнэ өссөн гэсэн. Хангалт хэр байгаа вэ?
-Эм хангамжийн асуудал 100 хувь хувийн хэвшилд очсон. Энэ эмийн тухайд ЭМЯ худалдаж аваад байгаа зүйл байхгүй. Манай улсад зохион байгуулсан сургалтын үеэр таван эксперт ирсэн юм. Таван эксперттэй ДЭМБ-ын суурин төлөөлөгч сургалтад оролцоод, бид томуугийн үед шаардлагатай эм тарианд дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийг маань хүлээн авч, 1500 хүн тун эм ирж байгаа. Үүнийг зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүддээ тараана.
2018 онд томуугийн эсрэг 80 мянган хүн тун вакциныг ДЭМБ-аас, 40 мянган хүн тун вакциныг улсын төсвөөс гаргасан. ДЭМБ-ын зөвлөмжөөр энэ томуугийн вакциныг хүн амынхаа 40-45 хувьд шаардлагатай гэж зөвлөдөг. Тиймээс 10 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа юм гэсэн тайлбарыг өглөө.