“Боловсрол” телевизийн бүтээл “Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа. Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Ч.Чамин-Эрхэст гардуулсан юм. Мөн шоуны ялагч болсон 18 настай Б.Анужин 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхээр шагнууллаа.
Айргийн тавд Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Дансаранова Алина нар багтсан юм.
Тус шоу нэвтрүүлэгт анх 400 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс 16 охин шалгарч нэвтрүүлгийн 11 дугаарын турш сорил болон үндсэн зураг авалтад оролцон өрсөлдсөнөөс ийнхүү хоёр ялагчийг тодруулсан байна. Нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын бичлэг 2018 оны наймдугаар сарын 22-ноос аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар өчигдөр (2019.01.20) олны хүртээл болсон юм.
Ялагчийн шагнал хүртсэн Б.Анужин “Эгэл жирийн амьдралын минь утга учир энэ хорвоод өөрийнхөө гэх мөрөө үлдээх хүсэл минь байдаг. Аль болох өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүхнийг хийж үр шимийг нь хүртэхийг хичээдэг. Хүнд муу саналгүй, муу зүйл хийхгүй байх нь намайг илүү тайван байлгаж хүч дэм өгдөг. Энэхүү MNTM уралдаанд орсон маань миний амьдралын хамгийн чухал шийдвэр мөн маш чухал сорил байлаа. Үнэхээр хүчтэй өрсөлдөөнд дунд олон олон асуудалтай нүүр тулсны эцэст энэ амжилтанд хүрлээ. Энэ бүхэн бол зөвхөн миний биш намайг үргэлж хайрлаж дэмждэг аав , ээж , найз нөхөд, хамт оролцсон найзууд , MNTM-г зохион байгуулагч үргэлж үнэтэй зөвлөгөө өгч байсан шүүгчид, мөн намайг дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нэвтрүүлгийн сүүлийн дугаарын зураг авалтууд: