АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин Умард солонгосын удирдагч Ким Жон Ун-тай уулзах тухай цагаан ордон мэдээлж байна. Уулзалтыг ирэх 2 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөжээ. Трамп Цагаан ордонд Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой уулзаж, ийм тохиролцоонд хүрсэн байна. Ким Ён Чоль АНУ-ын ерөнхийлөгчид Умардын удирдагчийн захидлыг дамжуулсан бөгөөд захианы агуулга тодорхой бус байна. Хоёр удирдагчийн ээлжит уулзалтыг яг хаана хийх талаар одоогоор мэдээлэхгүй байгаа ч уулзалт Вьетнамд болно гэх албан бус мэдээлэл цацагдаж байна.] Тэгэх зуур Цагаан ордон Умард солонгостой тогтоох харилцаанд нааштай зйүл ажиглагдаж байгаа ч тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэдгийг цохон тэмдэглэж байна. “Умард солонгос цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн гүйцэд татгалзахаас нааш АНУ шахалт үзүүлсээр байх болно” гэж цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ. Сингапурын уулзалтаар нэг их тохиролцоонд хүрч чадаагүй, иймээс одоо уулзалт амжилттай болсон талаар ярих нь эрт байна гэдгийг зарим судлаачид хэлж байна. Умард солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Вашингтон, Пхеньян хооронд хийж байгаа яриа хэлэлцээ мухардалд орсон, АНУ Умард солонгосын цөмийн байгууламж, цөмийн чадамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадаагүй тул АНУ хориг арга хэмжээгээ хүчин төгөлдөр үлдээсэн хэвээр байна.
Гэтэл Ким Жон Ун эсэргээр дэлхий дахинд нэр хүндээ дээшлүүлэх тал дээр зүгээр суухгүй байгааг ажиглагчид бас хэлж байна, тухайлбал тэрбээр өмнөд хөрштөйгөө харилцаагаа сайжруулж, Өмнөд солонгосын ерөнхийлөгч хойд хөршдөө айлчлаад байна. Мөн Умард солонгос болон Хятадын харилцаа сайжирч байна, Ким Жон Ун удирдагч нэг бус удаа Бээжинд айлчиллаа. Хэрвээ одоо Америк болон Умард солонгосын удирдагчид дахин уулзах тохиолдолд дэлхийн нийт уулзалтаас тодорхой үр дүнг хүлээж байна.