Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнгөрөгч бямба гарагт (2019.01.19) болсон “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” сэдэвт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож, үг хэлсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох үгнээс хүргэе.
Тэрээр “Төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг баталдаг. Зохион байгуулалтын бүдүүвчид Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагын нэгтгэл, анги, салбарууд багтсан байгаа бөгөөд дотоодын цэргийн анги, салбаруудыг нэмж оруулах шаардлага байгаа. Үүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч ойрын хугацаанд шийдвэрлүүлнэ гэдгээ надад илтгэсэн.
Цаашид Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах үүднээс төрийн цэргийн байгууллагуудын дарга нар өөрийн салбарын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулахын өмнө энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч миний биетэй харилцан зөвшилцөж байхыг үүрэг болгож байна…
…Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн алба хаагчдын зарим төрлийн цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт өөрчлөлт оруулсныг Та бүхэн мэдэж байгаа. Цэргийн алба хаагчид үүргээ гүйцэтгэхэд тохиромжтой, өнгө үзэмж сайтай хувцас хэрэглэлтэй байх шаардлагын үүднээс цаашид нарийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр өөрчлөлт, шинэчлэл хийх саналаа танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байгаа…
…Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа боловч өнөөдөр манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр бүтээн байгуулалтад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж буй бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг хэн бүхэн, тэр дундаа та бүхэн ойлгож байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2018 оны нэгдүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах журам”-ыг баталсан байгаа. Энэ журмын дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын барилгын ажлыг зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж, улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд цаашид үр бүтээлтэй оролцох ажлын гарааг саяхан эхлүүллээ.
Бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцсоноор улсын хөгжилд түлхэц өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаандаа ажил, мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Бусад улсууд ч бүтээн байгуулалтын ажилд цэргийн хүчээ ашиглаж байгаа нь цэргийн алба хаагчид энгийн хүнээс илүү зохион байгуулалттай, тэсвэр тэвчээртэй байдагтай холбоотой төдийгүй зэвсэгт хүчиндээ хөрөнгө оруулалт хийх ач холбогдолтой юм.
ЗХЖШ-ын бүтцэд бүтээн байгуулалтын ажлыг шууд хариуцах чиг үүрэгтэй нэгж бий болгохыг миний бие ЗХЖШ-ын удирдлагад үүрэг болгосон бөгөөд нэгжийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, бүтээн байгуулалтын ажилд оролцох анги, салбарын боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг мөн үүгээр дамжуулж, удирдлагуудад үүрэг болгож байна.
Мөн энэ онд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиох бөгөөд тус ойг тохиолдуулан Дорнод аймгийн Халхгол сумын төвийг “Шинэ сум” төслийн хүрээнд иж бүрнээр шинээр байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Энэ ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахаар тооцож байгаа бөгөөд богино хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлага тавигдаж байгаа.
Би үгийнхээ төгсгөлд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхийг хүсч байгаа юм. “Төрийн албаны тухай” хуульд “…төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасан. Төрийн тусгай алба, түүний дотор төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын томилгоо, ажил үүргийн хуваарилалт шударга зарчмаар явагдах ёстой. Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстойг анхааруулъя…” гэлээ.