30 жилийн турш ноёрхож байсан Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай Солонгосын газар нутаг зам тээврийн сайд албан ёсоор мэдэгдлээ. Өмнөд Солонгос улсруу Монголоос ажилтан гаргаж эхэлсэн мөчөөс эхлэн манай улсын цөөнгүй иргэд тогтмол хоёр улсын хооронд зорчин амьдрах болсон. Тэдний төдийгүй Монголоос Солонгосоор дамжин өнгөрөх билетийн үнэ зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан нь шүүмжлэл дагуулсаар ирсэн юм.
Кореан эйр болон МИАТ гэсэн хоёр авиа компани Монгол-Солонгосын чиглэлд өнгөрсөн хугацаанд үйлчилж байсан үнийг бууруулах боломжгүй байв. Олон жил иргэдээс ирсэн гомдлын дагуу үнэ буулгах хэлэлцээр хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байсан Монгол-Солонгосын агаарын тээврийн үнэ энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн бодитоор хямдрах болжээ. Энэ талаар Солонгосын Газар нутаг зам тээврийн сайд Ким Хён Ми,Монгол талаас Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мягмарсүрэн нар албан уулзалтаар зөвшилцөж шийдвэрлэсэн байна.