Хүн төрөлхтөн нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд манай гараг дээр гурван секунд тутамд нэг хүн антибиотикт тэсвэртэй нянгуудын нөлөөгөөр амиа алдах болно. Ийм дүгнэлтийг Британийн засаг захиргааныхны захиалгаар судалгаа хийсэн эрдэмтэд гаргажээ.

Хүн төрөлхтөн сүүлийн үед эсэргүүцэлд дарагддаггүй халдваруудтай тэмцээд ялагдаж байгаа бөгөөд эмэнд дасал болсон нянгууд терроризмээс дутахгүй аюул заналхийлэл учруулсаар байгаа юм. Өнөө үед эмэнд тэсвэртэй нянгийн өвчнөөр жилд 700 орчим мянган хүн амиа алдаж байна.

Эдийн засагч Жим О’Нилээр удирдуулсан нэртэй шинжээчдийн багийнхны гаргасан тайланд тэмдэглэснээр анагаах ухаан урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргах зайлшгүй шаардлагатай болжээ. Мэдээж энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэг болох нь зайлшгүй.

Судлаачид манай гарагийн хүн амд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эхэлж, антибиотикийн хэрэглээндээ анхааралтай хандаж сургах шаардлагатай гэж уриалж байна. Яагаад гэвэл бид цоо шинэ антибиотик бүтээж чадахгүй бөгөөд одоо ашиглаж байгаагаа цаашид хэрэглэсээр байвал үр дүнгээ өгөхөө болих юм.

Судалгаа эхэлсэн 2014 оны дунд үеэс хойш эсэргүүцэлд дарагддаггүй халдвараар нэг сая гаруй хүн нас баржээ. Энэ хугацаанд нэн шаардлагатай үед хэрэглэдэг антибиотикт ч үйлчилдэггүй нян хүртэл илэрсэн байна. Нэн шаардлагатай антибиотикт дарагдахгүй байна аа гэдэг нь өөр ямар ч эмэнд дарагдахгүй гэсэн үг.
ДЭМБ-аас сүүлийн 10 жилд нянгийн эсрэг бэлдмэлээр амжилттай эмчилж байсан энгийн халдварууд хүртэл үхлийн аюултай болж эхэлсэн антибиотикийн дараах эринд шилжиж байгаа тухай анхааруулжээ.

Аюул заналхийлэл, зөвлөмж 

Судлаач эрдэмтэд ирээдүйд нөхцөл байдал улам муудаж, 2050 он гэхэд жилд 10 сая хүн антибиотикт тэсвэртэй супер нянгийн нөлөөгөөр амиа алдана гэж анхааруулаад буй. Энэ нь дэлхийн эдийн засагт асар их хор хохирол учруулах бөгөөд эдийн засагчдын тооцоолсноор энэ зууны дунд үе гэхэд 100 их наяд ам.долларын алдагдалд оруулах гэнэ.

Энэхүү тайлантай холбогдуулан зарим мэргэжилтнүүд хэчнээн арга хэмжээ аваад ч нэмэргүй гэж үзэж байгаа бол судлаачид дараах зөвлөгөөг хүргэж байна.

• Хүн амыг соён гэгээрүүлэх арга хэмжээг нэн яаралтай авах. Учир нь ихэнх хүн энэхүү аюулын талаар мэдлэггүй байна.

• Инновацийн дэлхийн санд судалгааны эхний шатанд шаардлагатай хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх.

• Цэвэр ус, эрүүл ахуйн хүртээмжийг дээшлүүлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн, ариун цэврийн өндөр түвшний эмнэлгүүдтэй болох.

• Хөдөө аж ахуйн салбарт антибиотикийн хэрэглээг багасгах, хүний эрүүл мэндэд нөлөөтэй антибиотикийг хөдөө аж ахуйд хэрэглэхгүй байх

• Тэсвэртэй бичил организмыг тархахаас сэргийлсэн хяналтын системийг сайжруулах.

• Эмийн үйлдвэрүүдэд шинэ антибиотик боловсруулахад нэг тэрбум ам.доллар гаргах.

• Эмчилгээнд нэмэр болохгүй антибиотикуудыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

• Өргөн хэрэглээний вакцин, эм бэлдмэлийг нэмэгдүүлэх.

Судалгааны удирдагч Жим О’Нил “Бид дэлхийн хүн амд антибиотикийг яагаад чихэр шиг хязгаарлах ёстойг ямар нэгэн аргаар мэдээлэх ёстой. Хэрвээ бид энэ асуудлыг шийдвэрлэх чадахгүй бол хүмүүс бөөнөөрөө амиа алддаг дундад зууны үедээ эргэн очих болно” гэж мэдэгджээ.

Эмийн үйлдвэрүүдийн асуудал

Британийн Сангийн сайд Жорж Осборн “Дэлхийн улс орнуудын Сангийн сайд нарын энэ онд эмийн үйлдвэрүүдийн удирдлагууд, шинжээчилтэй уулзаж, нэгдсэн байр суурьт хүрэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.
Эмийн үйлдвэрүүдэд шинэ антибиотик боловсруулах хөрөнгийг хэрхэн олох нь тодорхойгүй байна. Антибиотикийн шинэ хувилбар 1980-аад оноос хойш огт гараагүй юм.

Хэргийн гол учир нь шинэ антибиотикийг боловсруулаад үйлдвэрлэлээ гэхэд энэ эмийг онцгой тохиолдолд хэрэглэхээр “шүүгээнд хадгалах” болно. Тиймээс эмийн компаниуд судалгаа, боловсруулалтад зарцуулсан асар их хэмжээний хөрөнгөө тэр дор нь олж авч чадахгүй гэсэн үг.

“AstraZeneca” компанийн антибиотикийн хэлтсийн ажилтан Жон Рекс ч тайланд дурдсаны дагуу шинэ антибиотик боловсруулахад зарцуулсны төлбөрийг олох шинэ арга нээх ёстой гэж үзжээ. Тэрбээр “Антибиотикийг анагаах ухааны “гал унтраагч” гэж хандах ёстой. Энэ эм ямар ч үед эмчид хүрэлцээтэй байх ёстой бөгөөд тогтмол хэрэглэдэггүй ч гэсэн үр дүнгээ өгдөг байх нь чухал” хэмээжээ.

Жим О’Нил түүнчлэн хөдөө аж ахуйд антибиотикийг хэрхэн хэрэглэж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Түүний үзэж байгаагаар антибиотикийг мал, амьтныг эмчлэхэд биш, том болгож, өсгөхөд ашигладаг гэнэ. АНУ-д л гэхэд мал, амьтны 70 хувь нь антибиотикийг нэмэлт тэжээл маягаар хэрэглэдэг. Энэ нь эсэргүүцэлд тэсвэртэй халдварын нян тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Үүнээс гадна О’Нил анагаахад хэрэглэдэг шинжилгээний практикийг хуучирсан гэж үзэж байна. Учир нь эмч нар вирусын халдвар авсан өвчтөнүүдэд антибиотик бичиж өгөх нь түгээмэл. Тэрбээр “Эмч нар өвчтөнийхөө биеийн байдалд хэдхэн минутын үнэлэлт дүгнэлт өгчихөөд, түүндээ тулгуурлан антибиотик бичиж өгдөгт би гайхдаг. Тэд 1950-иад онд антибиотикийг дөнгөж өргөнөөр хэрэглэж байх үед ч ингэж л байсан шүү дээ” хэмээжээ.

ДЭМБ, “Wellcome Trust” сайн дурын анагаахын судалгааны байгууллага, Британийн Хатан хааны нийгэмлэг ч энэхүү судалгаанд талархалтай хандаж байна. Италийн Ерөнхий сайд асан Марио Монти судалгааны тайлан, дүгнэлтийг дэлхийн удирдагчдын анхаарлыг татахуйц зүйл болсон гэж дүгнэжээ.

Антибиотикийн дараах эрин

“ВВС” агентлагийн Эрүүл мэндийн хэлтсийн редактор Жеймс Галлахерийн дүгнэснээр аюулт ирээдүй аль хэдийнэ өмнө ирчихсэн гэнэ. Учир нь эмч нарын гараас орчин үеийн анагаах ухааны хамгийн хүчтэй зэвсэг алдагдсантай ялгаагүй зүйл болж байгаа аж.

Үүний нөлөөгөөр гараа жаахан шалбалчихад л үхлийн ирмэг дээр ирэх аюул учирч болзошгүй болжээ. Ирээдүйд ямар ч сайн эмчээс илүүтэй таны азын тэнгэр л амьд үлдэж чадах эсэхийг шийдэх болно.

Хамгийн энгийн хагалгаа болох олгой авахуулах, үе солих мэс ажилбар хүртэл таны амьдралын төлөөх эцсийн хүчээ шавхан тэмцэх шалтгаан болж мэднэ.

Хорт хавдрын курс эмчилгээ, эсвэл эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа хүртэл таны аминд хүрч мэднэ. Төрөлт ч гэсэн эмэгтэйчүүдийн хувьд амь нас сорьсон үйл явдал болно. Энэ бол антибиотикгүй ирээдүй юм. Энэ бүхэн шинжлэх ухааны уран зөгнөлт роман шиг сонсогдож болох юм. Гэвч дэлхий ертөнц антибиотикийн дараах эрин рүү шилжиж буй ноцтой аюул аль хэдийнэ ирээд байна.

Эх сурвалж: ВВС

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн