УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайд өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүл хэтэрхий олон уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Улсын өмчийг буцааж авна гэж мэдэгдсэн. Та үүнийг яаж хүлээж авч байна вэ?
-Би үүнд хэд хэдэн дүгнэлт хийхээр байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. 36 лиценз гэж байна. Үүнийг бусад ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нэг компани хайгуулын талбайгаа авлаа түүнийгээ өргөтгөх шаардлага гарвал хуулиараа дахин тусдаа лиценз авдаг, Тэгэхээр энэ нь олон харагдаж байгаа юм. Уг нь бол 36 биш 32 л доо. Гэхдээ зарчмын хувьд ялгаа алга. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Жишээлбэл, цементийн үйлдвэрийн дор шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс гээд энэ бүх түүхий эдүүд бүрдэж байж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын яриад байгаа Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого чинь хэрэгждэг. Үүнийг чухам юу гэж Ерөнхий сайд ойлгоод байгаа нь огт ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримт үзүүл л дээ.
Тэдэн сарын тэдэнд ийм хууль бус зүйл хийгээд энэ лицензийг авсан гээд ярь л даа. Хүнийг шууд гүтгэж болохгүй. Улс төртэй холбогдуулж хийж бүтээдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль зөрчиж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй огт холбогдож байгаагүй. Миний аав Монголын эдийн засаг гэдгийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ нь нийгэмд зөвшөөрөгдсөн. Маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатарын яриад байгаачлан төсвийн орлого нэмэгдлээ л гээд байна. Хэний гавьяа юм. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн л гавьяа шүү дээ. Өнөөдөр тэдний цалинг Нямтайшир л олгож байна. Цалин, тэтгэвэр нэмлээ л гэж ярьж байна. Баялагч бүтээгчид л мөнгийг нь өгдөг. Ийм байдлаар хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай үйлдэл.
Монгол Улсын Ерөнхий сайд баялаг бүтээгчдээрээ гангарч, Монгол Улсынхаа нэрийн хуудас болгож явах ёстой болохоос ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Гаднын улсуудаас хар л даа. Хурааж авна гээд авч болно. Одоо хурааж авбал шууд хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид юу гэж харах вэ гэдэг нь ойлгомжтой. ЖДҮХС-аас дүүдээ зээл аваад өгсөн хүн өнөөдөр тийм зүйл хийхээс сийхгүй. Хууль ер нь хамаагүй, хувьсгалын үед дураараа авирлаж болно гэж байна. Нэг зарчим үйлчлэх хэрэгтэй. Н.Номтойбаярт зориулаад нэг зарчим барьж болохгүй. Оюутолгой, “Эрдэнэт”-ийнхээ хувиудыг ч ав. Ашигт малтмалын тухай хуулийг батлах шаардлагагүй. Бүх алтны уурхайнуудын лицензийг нь төр өөрөө хурааж ав л даа. Үг үйлдэл хоёр нь дандаа зөрнө. Улсын үйлдвэрийг хаана гэнэ, тэгснээ улсын үйлдвэүүд барина л гэнэ. Ерөнхий сайд шиг би өчүүхэн үг хэлэхгүй. Хэрэв би оронд нь байсан бол далайцтайхан том үг хэлнэ.
-Цагаан суваргын ордыг төрд өгчихөж болохгүй юм уу?
-Угаасаа л төрийн мэдэл шүү дээ. Үндсэн хуулийн 6.1-д заасан бий. Хэн билээ сэтгүүлч энэ заалтыг иш татаад ард түмний өмч гэсэн. Тэгвэл ард түмэн гэж хэн юм бэ. Төр ард түмнийг төлөөлж, төр мэдэлдээ эзэмшдэг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 5.2, Үндсэн хуулийн 6.1-т зааснаар ашиглуулах эрхийг Засгийн газар өгдөг юм. Цуцалж болно. Нөхөн төлбөрийн асуудал яригдана. Эсвэл чуулганы үеэр “Хувьсгалын үеэр хууль хамаагүй” гэж ярьсан шиг ээ дураараа авирла. Тэгвэл Оюутолгойн 66 хувь, Эрдэнэтийн 41 хувийг ав. Нэг зарчим үйлчлэх ёстой. Түүнээс биш надад зориулсан зарчим үйлчлэх ёсгүй.
Алтны роялти татварын тухай яригдаж байна. Энэ хуулийг батлах ямар хэрэгтэй юм бэ, тэгвэл. Алтны уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалчих хэрэгтэй шүү дээ. Дээр нь үг үйлдэл нь дандаа зөрнө. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашиггүй гэж хааж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө томоохон үйлдвэрийг хаалаа. Тэгсэн хэрнээ улсын үйлдвэр барина гэх юм. Ямар учиртай юм бэ. Ийм тодорхой бус байхаар хөрөнгө оруулагчид юу хийхээ мэдэхгүй байна. Дээрэмдэх бол бүгдийг нь дээрэмд. Дэмжих бол олигтойхон дэмж. Хамгийн гол нь Ерөнхий сайд хэрнээ ийм өчүүхэн үг хэлэх гэж. Би оронд нь байсан бол далайцтай хэлэх байсан юм.
-Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурж байна. Огцруулж чадах болов уу?
-Чадахгүй ээ. ЖДҮ-чид 30 гарчихлаа. Ашиг сонирхлоо хамгаалах сонирхол нэгтнүүд ямар хууль батлах гэж байгааг хараа биз дээ. Би дийлэхгүй юм билээ. Үнэнээ л хэлье. Гарын үсэг 10 гаруй гишүүн зурсан. Эд нар ЖДҮ-гээс зээл аваагүй. Ганцхан Х.Нямбаатар гишүүн зээл авсан. Гэтэл их хурлаа тараая, шинэ төр байгуулъя гээд гарын үсэг зурчхаж. Би түүнийг ойлгохгүй байна.
-Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүнд гурван сайдын суудал өгнө гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Тэр дундаа таныг сайд болно гэсэн мэдээлэл байна. Хэрвээ танд сайд болох санал тавибал та сайд болох уу?
-Тийм зүйл огт байхгүй шүү. Л.Болд гишүүн намайг террорист үйлдэлд хийхээр 200 цэрэг бэлтгэсэн гэж хэлсэн. Хэрвээ асуудал гарсан бол Ж.Мөнхбат бид хоёроор туг тахих гээд байхгүй юу. Тэр өдөр би гадаадад байсан. Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар надтай хамт нэг онгоцонд явсан. Би буухдаа “Ийм асуудал болсон байна. Та намайг гэрчилнэ шүү” гэхэд тэр зөвшөөрсөн. Дээр нь намайг сайд болох гэж байна гэж Б.Батзандан гишүүн хэлсэн. Хэн намайг сайд болгох гэж миний өмнөөс гүйгээд байгаа юм бэ. Хэн надад хайр зарлаад байна гэдгийг хайгаад олохгүй байна. Би “топор”-ын цэрэг болохгүй. Тэгж доошоо орохгүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлье. ЖДҮ-чин Засагт би орлоо юу. Үгүй шүү. Намайг намаас хөөж болно. Харин би өөрийн хүсэлтээр намаасаа гарахгүй.
Эх сурвалж: Itiom.mn
4 comments
мөнгөтэй л юм байгаа биз өөр юутай юм ард түмний хөрөнгийг өг доошоо орохгүй гэж томорч гэнэ.
Та анх зөв замаар хөрөнгөжсөн үү. Түүнийгээ шалгуулчих. Энэ хугацаанд олсон орлогодоо сэтгэл ханаад, одоо буцаагаад ард түмэндээ өгчих, танаас гарлага гарахгүй. Ийм сэтгэл УИХ-ын гишүүнд байх байлгүй. Итгэж байна. Ард иргэд
Youtube drs NomtoiBayar gd haigaad uzeerei. . .
Уул уурхайг гадныхан авахаар дээр дооргүй хөл алдан гүйж хахууль аваад өгчихөнө.Эх орон Ард түмэн хамаа байхгүй.хувь хүртэж чадаагүй нь гадныхан цөлмөөд дууслаа гэж ирээд бөөн эх оронч дүр эсгээд хөрөнгө оруулалтыг будаа болгоно.Монгол хүн өөрөө авахаар дэмжихийн оронд аль муу аргаар хар пиар цацаж бизнесийг нь нураана.тэгсэн хэр нь Монгол брэнд Монгол хөгжил энэ тэр гэсэн үлгэрээр Ард түмний тархийг эргүүлнэ.өөрсдийн сэтгэхүй байхгүй тархиа эхлүүлчихсэн улсад ямар балдуушны хөгжил байхав