Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн 34 орчим хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгаа бөгөөд нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь, амьсгал болон зүрх судасны улмаас нас барагсдын 30 шахам хувь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй болохыг холбогдох газраас мэдэгдээд байгаа. Амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна. Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байна.
Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна. Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1,426 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд эзэлж, хүүхдийн орны ачаалал 46 хувиар хэтэрсэн байгаа нь туйлын харамсалтай. Дээрхи тоо баримт бол хараад өнгөрч болохгүй тоон үзүүлэлт юм. Нийгмийн дээрхи хэрэгцээ шаардлага дээр үндэслэн , нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Сайн Учрал сан”, Олон улсын боловсролын “Эрдэм” академи хамтран Сонгинохайрхан дүүргийн жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийн дунд “Сайн Учрал саруул Ирээдүй” утааны эсрэг өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, АУ-ын доктор, клиникийн профессор, МУ-ын зөвлөх эмч Шаравын Цэрэнсамбуу болон Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, АУ-ын доктор, ахлах зэргийн эмч, пренаталогич эмч Ширчинжавын Алтантуяа нар эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, СХД-ийн өрхийн болон нэгдсэн эмнэлгийнхэн анхан шатны үзлэг оношлогоо хийсэн юм.
Арга хэмжээнд оролцогчид дийлэнхи нь ээжүүд байсан тул “Ээжүүдийн уулзалт ярилцлагыг мөн зохион байгуулж тус ярилцлаганд Сайн Учрал сангийн тэргүүн Ч.Сэлэнгэ, Эрдэм академийн захирал Б.Нарангэрэл, Дуучин Ч.Уранхолбоо, Содура киногоороо бидэнд танигдсан дуучин жүжигчин Ч.Очгэрэл нар ярилцаж ээжүүддээ өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм. Түүнчлэн “Сайн Учрал сан” болон “Эрдэм” олон улсын боловсролын академийнхан уг арга хэмжээнд оролцсон хүн бүрт 29 ам.долларын зах зээлийн үнэ бүхий 3M 9210 N95 маркын амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж, уушиг цэвэрлэх уламжлалт цай, дархлаа сэргээх цай бэлдмэл зэргээр хүн бүрийг дайлсан юм.
Уг тараасан амны хаалт нь уурхайн гүнд болон хүнд үйлдвэрүүдэд ашигладаг агаарын бохирдолыг 95% хүртэл шүүдэг тусгай амны хаалтууд юм байна. Одоо үед агаарын бохирдолтой тэмцэх аргыг дор бүрнээ эрэлхийлж байгаа ч бүрэн ангижрах хүртэл хордон суусаар байх уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тиймээс ч бид өнөөдрөөс, яг одооноос эхлэн өөрсдийгөө дор бүрнээ хамгаалах ёстой гэсэн уриалгыг гаргаж уг арга хэмжээг зохион байгуулж байгаагаа тэд ярьж байсан юм. Цаашлаад олон байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулаасай гэж хүсч буйгаа мөн уламжилж байлаа.
УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын алба