УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж хоёр асуудлаар саналаа нэгтгэжээ. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нар болох Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Б.Хурц нарын томилгоо хийгдэхгүй жил гаруй саатаж байна. Үүнтэй холбогдуулан ГХ-ны сайд Д.Цогтбаатар төрийн ажил гацаад байна, тухайн улс оронд хийгдэх ажлууд хойшлогдож байна гэсэн шалтгаанаар дээрх гурван Элчин сайдыг буцааж татах нь зүйтэй гэсэн санал тавьсныг бүлгийн гишүүд дэмжжээ.
Хоёрдугаарт, өнөөдөр үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын асуудлаар санал солилцжээ. Үүнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр санал солилцоод энэ долоо хоногт багтаан батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын даргыг огцруулах асуудал тодорхой болж ирж байна. Дараагийн УИХ-ын даргад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?
-УИХ-ын даргын асуудал болоогүй. Эхлээд энэ хууль батлагдана. Дараа нь УИХ-ын даргатай холбоотой асуудлаар тодорхой нэр бүхий гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Түүнийг нь хэлэлцэж батална. Тиймээс процетур арай болоогүй. Дараагийн хүний тухай асуудал огт яригдаагүй. Бүлэг дотроо хоёр талаас ажлын хэсэг гарч, энэ хуулийг яаж хурдтай явуулах вэ, Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлаа яаж хурдан шийдэх вэ, гарцаа яаж гаргах вэ, олон хоног саатсан Их хурлаа Сар шинээс өмнө яаж хурдтай явуулах вэ гэсэн асуудлуудыг л ярилцаж байгаа. Харин албан тушаалтай холбоотой нэг ч асуудал яриагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
-Хоёр сайдын асуудал юу болж байгаа вэ?
-Одоо бол Их хурал гацахгүй. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг ч энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэнэ.
-ЗТХ-ийн сайд болон Боловсролын сайдад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?
-Дараагийн сайд нарын асуудал огт яригдаагүй. Дараагийн сайд нартай холбоотой асуудал улс төрийн албан тушаалтнууд учраас нам тодорхой хүрээнд нь судлаад удирдах байгууллага хэлэлцээд саналаа бүлэгт оруулж ирдэг. Тэр үед нь бид хэлэлцэж шийдвэрлэнэ.
-27:37-гийн талаас тохиролцоо хийж УИХ-ын даргаар Д.Хаянхярваа гишүүнийг, Н.Номтойбаярыг сайд болгох асуудал яригдсан гэсэн. Энэ асуудлыг бүлгийн хурлаар ярьсан болов уу?
-Албан тушаалын тохиролцоо огт яригдаагүй.
-Гурван Элчин сайдад ямар ямар хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа вэ?
-Элчин сайд нарын тухайд ГХЯ судалж, сонгон шалгаруулж оруулж ирдэг хууль дүрэмтэй. Гол нь Ерөнхийлөгч саналаа оруулж ирнэ шүү дээ.
-УИХ-ын олонхийн хувьд нэг намын хүмүүс хоёр ажлын хэсгээр дамжуулж зөвшилцөх шаардлага байсан уу?
-Зөвшилцөж ойлголцоод байгаа юм байхгүй. Бүлгийн хурал дээрээ яриад ойлголцож байгаа асуудлууд байна, ойлголцохгүй ч асуудлууд байна. Сая сар гаруй хугацаанд Их хурал гацсантай холбоотойгоор ойлголцоллыг нэгтгэх шаардлагатай хэд хэдэн асуудлууд байгаа юм. Энэ чиглэлээр л ярилцаж байгаа. Тэрнээс биш албан тушаалын асуудал огт ярихгүй байгаа.