ОХУ-ын алс дорнодын Амурск хотод орон нутгийн гэмт хэргийн бүлгийн толгойлогч Заруба хочит Юрий Зарубины оршуулга болжээ. Маш олон хүн, автомашин оролцсон оршуулгын цувааны дүрс бичлэгийг нэг иргэн YouTube сүлжээнд нийтлэхдээ гэмт хэргийн бүлгийн боссын шарилыг цагдаа нар өргөж яваа тухай тайлбарлан ярьсан байна. Бас видеог үзсэн иргэд оршуулгын ёслолд орон нутгийн прокурорын байгууллагын ажилтнууд оролцсон тухай мэдээлжээ.
Видео бичлэгийг хийсэн эмэгтэй оршуулгын цувааны зам дагуу хотын захиргааны ажилтнууд элс асгаж, халтиргаанаас сэргийлж байсныг мөн ярьсан байна. Гэхдээ дүрс бичлэгийг холоос үйлдсэн тул цагдаа нар шарилыг өргөж явсан эсэхийг тодорхой харах боломжгүй байгаа юм. Харин энэ мэдээллийн дагуу Хабаровск мужийн засаг захиргаа интернэтэд тарсан видеог нягтлан шалгаж эхэлсэн байна. Одоогоор Амурск хотын цагдаагийн байгууллага болон прокурорын газар өөрийн хүмүүсийг оршуулгын ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг эрс няцаагаад байгаа юм. Цагдаагийн байгууллагын төлөөлөгч видеог нийтэлсэн иргэнийг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, цагдаа нарын нэр хүндийг гутаах зорилготой ийм бичлэг тараасан байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty