Чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн шөнө хуралдсан бөгөөд эхлээд Ерөнхийлөгчөөс энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн. Улмаар УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байдаг.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байгаа.
Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт нар илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар төсөл дэх зохицуулалт парламентын засаглал бүхий ардчилсан Монгол Улсын төрийн дархлааг сулруулах эрсдэл дагуулах магадлалтайг сануулж байв.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхээр болсон юм.