Богино өгүүллэгийн “Утгын чимэг-22” наадамд аман хүзүүдсэн
МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2018.12.01 УБ хот
Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа.
Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэгсэн. Түүндээ ч дуртай. Би найм, эгч ес хүрдэг жилийн хаврын амралт юмдаг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждээ дэм болох гэж хонины захаар гүйлдлээ. Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв. Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна.
Эгч ч бүснийхээ үзүүрээр намайг уяад «Эгчийгээ дагаад гүйгээд байгаарай» гэж билээ. Энэ хооронд хонь ч нилээн холдсон хэрэг. Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсэхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахад ч бэрхтэй болж хайрдаж хөлдсөн цас руу өөрийн эрхгүй шургачин уналаа. Би сумын эмнэлэгт ухаан орсон юм.
Хацар ам, гар хөл хайрагдсанаас биш бусдаар бол гайгүй. Эмнэлэгээс гарч гэртээ иртэл хоймрын авдар дээр эгчийн зураг зулын гэрэлд сүүмэлзэж байсым даа. Ингээд л би эгчгүй болов. Эгчийгээ би үгүйлдэг байлаа. Үгүйлэлгүй ч яахав дээ. Ихэр юм шиг тэрсхэн, инээх уйлах нь ч зэрэг шахуу, үй зайгүй хоёр юм чинь. Хэдийгээр би чихрээ нуух хэрэггүй болсон ч нууж идээгүй чихэр амтгүй болчихдог юм билээ. Эгчдээ би чихрээсээ өгдөг байсаан. Эгчийнхээ зурагны өмнө чихэр тавихыг харсан ээж маань аргаа үүрээд гэлдэрчихдэгсэн. Өдөр хоног ээлжилсээр хэн хүний амнаас сэм унах “Азтай хүү” гэх үгсийн дундуур би хүний ганц хүү болон өслөө. Эцэг эх минь ганц хүүдээ гар ч татсангүй, хатуу үг ч хэлсэнгүй. Цэргийн насанд ирэхэд би арваад жилийн өмнөх атигар жаахан хүү биш болсон байв.
“Банзарын ганц хүү баймгүй сайхан залуу болж. Аргагүй ээ, хорвоод үлдье гэж үлдсэн хүү дээ” гэх яриа салхины үзүүрт тэгнэгдсээр чихний омог ирвэгнүүлэхэд цөс хөөрсөн амьтан цэрэгт мордож билээ. Одооны цэрэг яахав дээ, хаврын тугал бяруу болоогүй байхад л хал цэрэг болчихдог хачин богинохон алба юм хойно тэгэсгээд л халагдсан. Тэр жилийн зуны дэлгэрийг хэлэх үү. Ёстой л нэг газар багадаж, дэлхий давчидсан, ай мөн “бачим” зунсан. Ааг, омог хоёртойгоо ам булаалдсан агсам залуу нас намайг нөмрөөд авах нь тэр. Нутаг нугын эмс охидын харцыг, эрчүүдийн сэтгэлийн хороор даруулж явсан үедээ мэлмэрээ хархан нүдэт Дэлгэрмаатайгаа таарсандаа.
Тэгээгүй бол миний хазаарыг хэзээ, хэн, хэрхэн хантайрахыг одоо төсөөлөхөд бэрх. Дэлгэрмаа надад гурван охин төрүүлж өгсөн ч миний сэтгэлд “Удам залгах хүүгүй” гэх туниа муутай, тунирхлын цог үе үехэн уугиж асан тэрхэн мөчид багын анд олгой Чимэдийн «Чи биш эгч чинь үлдсэн бол Банзарын хэдэн адууг эргүүлэх хүү төрүүлэх байсандаа» гэх солгой үг намайг архи хэмээх шингэн хүлгийн хондлойд зайдан мордуулж орхив. Зуны гурван сарыг гудайтал айраг архи эргүүлдсээр унаа морио улдааж, унаган биеэ эцээсэн амьтан гэрийнхээ уяанд дөрөө мулталлаа. Аавын бор морь уяан дээр эргэцнэ. “Хөгшин ирж дээ” гэх бодолтой давхцан дотор эрээлжилж морин тэрэг түшин огиж гарлаа. Тэгтэл ууц нуруун дундуур тас буугаад явчихлаа. Яав ийв гэх зуургүй дахиад нэг буув. Ухасхийсэн бол бариад авах байсан биз.
Гэхдээ би тэгсэнгүй. Хамрын дор эрээлжлэх аавын гутлын ээтэн хоншоорыг ширтсээр ахиад нэг гөвүүлэв. «Эгч чинь чамайг ингэж хүний сүг болж яв гэж чиний төлөө амиа өгөөгүй байх шүү. Наад бөндгөрөө усанд үйчихээгүй бол бодоорой муу шаар минь» гэж хэлчихээд эргэж харсангүй мордох нь тэр. Бор морины хөнгөн алхаа товор товор гишгэлсээр холдов. Ташуурын гувруу нуруу хорсгохоос илүүтэй хэлсэн үг нь тархи манаргаж орхив. “Чиний төлөө амиа өгөөгүй” гэдэг үгийг хэлэхдээ аавын хоолой тэгтлээ хяхтнасны учир юу билээ? Энэ үгийг бодож би гэрийн хаяанд гурав хоног хэвтлээ. Гурван охин маань над руу ирмээр авч гэрэвшээд байгаа бололтой.
Дэлгэрмаа хонь хурга, үхэр тугал, сааль сүү, хүүхэд шуухад гэсээр дээлээ тайлах завгүй ажээ. Тэр их ачааг ганцаар үүрэх Дэлгэрмаа юун надтай манатай. Гэхдээ тунарсан мэлмэрээ харц нь тамирдуу л болохоос гундчихаагүй харагдана. Гол руу гүйх гурван охиныхоо араас ширтэнгээ «Аав эртээр юу гэчихэв дээ» гэж ихэд энгүүнээр асуух аядвал «Үг хэлэхтэй болсныг бодоход чи өнөө маргаашгүй тэнэх байлгүй. Тэгэхээрээ эхээсээ очиж асуухгүй юу» гээд хурдхан холдох минь гэсэн шиг охидынхоо араас дэгдчихлээ. Үе үехэн нүүрээ шудрахыг бодоход уйлж л яваагаас зөрөхгүй. “Тиймээ, ээж л учрыг хэлэх юм байна” гэж бодовч уулзана гэхээр халуун. Их үдийн халуун өнгөрөөгөөд мордсон би оройн саалиар үхрийн зэлэн дээр бөртгөнөх ээжийн дэргэд хулгаж, хулгаж очлоо.
“Ишш, ингэж ч явах гэж дээ чи” гэсэн урам хугарсан харцаар ширтэж суусан ээж «Амьд явахад учир бий хүү минь» гэсээр яриагаа эхэлсэн дээ. «Тэр ёрын шуурга жаахан уясаж, нүд орохтой зэрэг л бид хотлоороо эрэлд гарч таван саахалтын дайтаас та хоёрыг олсон. Нэг бөвийсөн цул юм …» гээд ээж нүдэндээ дүрслэв үү гэлтэй таг чиг болсноо шүлсээ гүдхийтэл залгиж уртаар санаа алдаад «Эгч чинь дээлээ тайлж чамайг тумлайдаж ороогоод, өөрөө бас давхар тэвэрсэн байсан. Ээ бас их тэвчээр шүү. Чиний хамраас халуун уур гарч байсан даа. Аав чинь та хоёрыг давхраар нь тэврээд гэртээ авчирсан. Тас тэврээд хөшчихсөн эгчийг чинь салгах гэж эцэг чинь л элгээ эмтэлж, цээжээ урсан юм шүү» гээд ээж цааш нь ярьж чадсангүй. Ярьсан байлаа ч би сонсож дөнгөхөөргүй болсон байв.
“Есхөн настай, тэр бээлийнхэн чинээ амьтны хуруухан чинээ зүрх эцсийн цохилго хүртлээ зөвхөн миний л иөлөө байж шүү дээ” гэж бодохоор хаанаас ч юм өгсөх халуун зураа өр исгэн огшиж, эхэр татуулан гадагшлав. Нэг мэдэхэд ээж ч алга, үхэр тугал, ер нь бүгд алга. Тугалын зэлэн дээр хурсангийн бяруу шиг дүнхийтэл хэр удаан сууснаа анзаараагүй ээ. Тэндээс би «Амь тавихад ч бас учиртай юм байна» гэж шивнээд боссон доо. Энэ цагаас хойш гашуун ус хоолойгоороо давуулаагүй. Одоо манайх зургаан охинтой. Дэлгэрмаагийн минь мэлмэрээ хархан харц харзны ус шиг сэргэсэн шүү. Тогоон чинээ гэдэстэй тэр минь хүүхэд шиг л хөнгөмсүү. Охид маань намайг ноолох дуртай.
Аавынхаа хэвтэж суухыг андахгүй. Хэзээний л ирээд шавчихна. Би ч гэсэндээ хотны ат шиг ноолуулж хэвтэх дуртай. Сэтгэл минь аль тэртээх амьдралын харгуйд үлдсэн долоон настай хүү мэт, харин эгч минь бүр зургаагийн зургаан “Жаатгар” болоод ирчихсэн намайг ноолж буй мэт санагддаг даа. Одоо төрөх хүүхэд минь охин уу, хүү юү хамаагүй ээ. Тэр хаврын шуурганд эгч минь намайг тэвэрч хэвтэхдээ «Олон болоорой миний дүү» гэж шивнэсэн ч юм билүү хэн мэдлээ дээ…
1 comment
B