Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн 2018 оны статистик үзүүлэлтүүдийг гаргалаа. Тодруулбал, өнгөрсөн онд нийтийн тээврээр давхардсан тоогоор 178.7 сая хүн үйлчлүүлжээ. Харин 2017 онд давхардсан тоогоор 196.2 сая хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа бий бөгөөд эндээс үзэхэд, нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийг тоо буурсан нь харагдаж байгаа юм.
Зорчигчдын 28.1 хувь нь нийтийн тээврээс буухдаа картаа дардаг бол үүгээр 11 хувь нь дамжин суулт хийсэн гэх судалгаа гарсан байна.
Өнгөрсөн онд Нийслэлийн тээврийн газарт хийгдсэн томоохон ажлуулын нэг бол нийтийн тээврийн чиглэлийн урт нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, 2018 онд нийтийн тээврийн чиглэлийн урт 3735.4 км болж нэмэгджээ. Энэ тоо 2017 онд 3696.3 км байсан юм. Мөн нийтийн тээврийн зогсоолын тоо 946 болж 2017 оны мөн үеэс 18 хувиар өссөн аж. Харин өдөрт шугаманд ажилладаг тээврийн хэрэгслийн тоо 2017 онд 1046 байсан бол өнгөрсөн онд 963 болж буурсан байна.