АНУ-ын Аризона мужийн Финикс хотын эмнэлэгт 10 орчим жил ухаангүй асруулж байгаа эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Тэгвэл Финикс хотын цагдаагийн газар өчигдөр эмнэлгийн бүх эрэгтэй ажилтнуудаас ДНХ шинжилгээ авч, эрэн сурвалжлах зөвшөөрөл авснаа зарлажээ. Биеэ хянах чадваргүй өвчтөнүүдийг урт хугацаанд асрах үйлчилгээ үзүүлдэг Хасиенда эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Билл Тиммонс өнгөрсөн Даваа гарагт уг хэрэгтэй холбогдуулан албан тушаалаасаа огцорсон байна. Түүний огцрох хүсэлтийг эмнэлгийн удирдах зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжжээ.
10 орчим жилийн өмнө усанд живэхдээ ухаанаа алдсан 29 настай эмэгтэй арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эрэгтэй хүүхэд төрүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт анх тарсан юм. Эмэгтэй хэн болох, эмнэлгийнхэн түүнийг төрөх хүртэл жирэмсэн болсныг нь мэдэж байсан эсэх зэрэг мэдээлэл одоогоор бүрхэг байна. Цагдаа нар ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Ямартай ч Хасиенда эрүүл мэндийн төвийн захиргаа эрэгтэй ажилтнуудаас нь ДНХ шинжилгээ авах цагдаагийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Харин нэг зүйл тодорхой болсон нь ухаангүй байгаа эмэгтэй нь Финикс хотоос зүүн зүгт 215 км зайтай амьдардаг нутгийн уугуул Апачи овгийн гишүүн юм байна. Тус овгийн захирагч Терри Рамблерын гаргасан мэдэгдэлд “Манай овгийн гишүүн эмэгтэйд тохиолдсон явдлыг сонсоод би болон овгийнхон маань ихэд цочирдлоо. Хайртай дотны хүн тань өөрийгөө хянах чадваргүй болсон тохиолдолд асран хамгаалагчид нь найдахаас өөр аргагүй билээ. Харамсалтай нь асрагчдын нэг нь итгэл алдаж, түүнийг маань ашиглажээ. Шударга ёс ялаасай гэж би хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: Associated Press