Ахмадуудад олгодог “Насны хишиг” болон эхчүүдийн Алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэн материалыг нь хүлээж аваад эхэлжээ. Хуулийн дагуу 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа төр, засгаас “Насны хишиг” олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, иргэний үнэмлэхийн харьяа анхан шатны сум, хорооны нийгмийн ажилтанд хандах юм. Ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очно. Бүртгүүлсэн ахмадуудын мэдээллийг Сангийн яам руу шилжүүлэх юм. Харин өмнө нь авч байсан ахмадууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.
2019 онд Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулж улсын төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог билээ. Эдгээр мөнгийг арилжааны банкууд тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдлээ.
Ямар материал бүрдүүлж, хэнд хандах вэ?
- Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
- Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
- Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
- Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
- Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.
- 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
- 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
- 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.